Үндсэн хуулийн цэцийн Дунд суудал хуралдаж Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэх маргааныг хэлэлцлээ. Иргэн Д.Отгонбат Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1-т “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна” гэж заасан нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэн Цэцэд мэдээлэл гаргажээ. Цэцийн гишүүн О.Мөнхсайхан уг асуудлыг судлаад маргаан үүсгэх нь зүйтэй гэж үзсэн байна. Үүний дагуу Цэц Дунд суудлаа хуралдуулан уг маргааныг хэлэлцэв.

Цэцийн Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Сандаг-Очир гишүүн оролцов.
Цэц Ерөнхийлөгчийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэлээ. Тодруулбал, "Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт "Бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30.2 дах хэсэгт зааснаар дөрвөн жил байна" гэж заасны дөрвөн жил гэсэн нь Үндсэн хуулийн 30.2 дах хэсгийн "Ерөнхийлөгчөөр зургаан жилээр хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэснийг зөрчсөн байна. Ерөнхийлөгчийн тухай хуулийн дөрвөн жил гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2026 оны тавдугаар сарын 8-наас түтгэлзүүлсүгэй. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас 15 хоногийн дотор хэлэлцэж хариу илгээхийг УИХ-д даалгаж байна" гэсэн дүгнэлт гаргав.