Өмнөд Америк тивийн хамгийн жижиг улс болох Суринамд өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Парламентын сонгуулийн санал хураалт болсон. Тус сонгуулиар парламентын 51 гишүүнийг сонгосон байна.

Энэ жилийн сонгуульд хамгийн олон буюу 18 суудлыг сөрөг хүчний Үндэсний ардчилсан нам авчээ. Харин одоогийн Ерөнхийлөгч Чан Сантохигийн Дэвшилтэт шинэчлэлийн нам 17 суудал эзэлж ялагдал хүлээлээ. Харин бусад жижиг намууд үлдсэн 16 суудлыг авсан байна.

Эрх баригч нам ялагдал хүлээснээр шинэ Ерөнхийлөгч сонгох хэрэгтэй болсон. Тус улс Ерөнхийлөгчөө бүх нийтийн санал хураалтаар сонгодоггүй онцлогтой. Парламентын сонгуулийн дараа Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй танилцаж саналаа өгдөг. Нэр дэвшигч нийт саналын гуравны хоёрынх нь дэмжлэгийг авч байж Ерөнхийлөгч болох бүрэн эрх нь нээгддэг байна.

Тэгвэл өчигдөр шинээр бүрдсэн Үндэсний Ассамблейн гишүүд санал хурааж Үндэсний ардчилсан нам бусад жижиг намуудтай эвсэж чадсанаар шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Үндэсний ардчилсан нам таван жижиг намтай тохиролцсоноор парламентад 34 суудал бүрдүүлжээ. Сая хүрэхгүй хүн амтай Өмнөд Америкийн хамгийн жижиг улс түүх бүтээж анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө парламентын гишүүд сонгосон байна.

Суринам улсын анхны эмэгтэй Төрийн тэргүүнээр эмч мэргэжилтэй, өмнө парламентын даргаар ажиллаж байсан 71 настай Женнифер Гийрлингс Саймонс сонгогдлоо. Тэрээр 2024 онд гол сөрөг хүчин байсан Үндэсний Ардчилсан намын даргын албан тушаалыг хүлээж авчээ.

Энэ жилийн сонгуулиар сөрөг хүчин ялсан болоод шинэ Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдсон нь Суринам улсын түүхэн дэх улс төрийн чухал үйл явдал болж байна.

Одоогийн Ерөнхийлөгч Сантохигийн Дэвшилтэт шинэчлэлийн нам хэрэв эвсэл бүрдүүлэхийг оролдсон бол эрх баригч нам хэвээрээ үлдэх байсан юм. Гэвч Саймонсыг эсэргүүцэлгүй, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ. Энэ сарын 16-ны өдөр Суринамын шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөх юм байна.

Суринам улс нь Нидерландын колонид байсан. ӨМнөд Америк тивийн хамгийн жижиг төдийгүй хамгийн ядуу улсуудын нэг юм. 1975 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш цэргин эргэлт, иргэний дайн хэд хэдэн удаа гарчээ. Суринам саяхан оффшор газрын тосны шинэ нөөц илрүүлсэн. Үүний тусламжтайгаар улс орны ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж чадна гэдэгт Засгийн газар итгэлтэй байгаа юм. 2028 оноос олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ.

Шинэ Ерөнхийлөгч өөрийн бүх мэдлэг чадвар, хүчээ ашиглаж ард түмэндээ дотоодын бялыг бүтээхийн тулд ажил үүргээ гүйцэтгэх болно гэдгээ амлажээ. Мөн тэрээр улсынхаа залуучууд болоод боломжуудыг хараахан олж харж чадахгүй байгаа нийгмийн давхаргынханд илүү анхаарч ажиллахаа дэмжигчдийнхээ өмнө хэлсэн байна. Хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон тул хариуцлагаа ухамсарлаж ажиллах болно гэлээ.