
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмын зургаан өдрийн дараа медалийн тоогоор тэргүүлж буй орнуудын жагсаалт шинэчлэгдлээ. Олимп өндөрлөхөд 10 өдрийн тэмцээн уралдаан үлдсэн ч Норвеги, Итали, АНУ, Герман, Швед, Швейцарын багууд алтан медалийн тоогоор тэргүүлж байна. Жагсаалтын Норвегийн шигшээ баг 7 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол наадмыг зохион байгуулагч Италийн баг 6 алт, 3 мөнгө, 8 хүрэл медальтайгаар удаалж байна. АНУ, Герман, Швед, Швейцарын багууд 4, Австри, Франц, Нидерланд 3 алтан медальтай 3-9-р байрт жагсаж.
Ази тивийн Япон улсын баг 2 алт, 2 мөнгө, 6 хүрэлтэй 10-р байр, БНСУ 1 алт, 1 мөнгө, 2 хүрэлтэй 11-р байр, БНХАУ 2 мөнгө, 2 хүрэл медалтай 16-р байрт бичигдэж байна. 93 орноос 22 орон ямар нэгэн медаль хүртжээ.

УРАН ГУЛГАЛТЫН ГАНЦААРЧИЛСАН ТӨРЛИЙН ЭРЭГТЭЙ АВАРГA ӨНӨӨДӨР ТОДОРНО
Олимпын наадмын уран гулгалт багийн төрлөөр эхэлсэн. Багийн аваргаар АНУ-ын баг тодорсон бол Япон, Италийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Мөн мөсний бүжгийн хосын төрөлд Францын Г.Сизерон, Лоранс Фурнье-Бодрито нар олимпын аварга болсон бол АНУ, Канадын хос удаалжээ.
Уран гулгалтын ганцаарчилсан төрлийн эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр өнөө шөнө болж, олимпын медальтнууд тодорно. Богино үзүүлбэрийг АНУ-ын Илья Малинин 108,16 оноогоор тэргүүлж эхэлсэн бол олимпын гурван мөнгөн медальт Японы Юма Кагияма 103,07 оноо, Францын Адам Хим Фа 102,55 оноогоор удаалж байна. Нийт 29 тамирчнаас 24 нь өнөөдрийн чөлөөт үзүүлбэрт орохоор болжээ.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр хоёрдугаар сарын 17-нд, чөлөөт үзүүлбэр хоёрдугаар сарын 19-д болж, олимпын медальтнууд тодорно.
Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд манай тамирчид өрсөлдөж байгаа. Энэ төрөлд Швед, Норвеги, Францын цаначид бусдаасаа илүүрхсээр байна. Шведийн эмэгтэй цаначид энэ наадамд онцгой байна. Одоогоор эмэгтэйчүүдийн спринт, скиатлон /10км+10км/ болон 10 км зайн уралдааны 9 медалийн 7-г нь Шведийн баг авчээ.

МОНГОЛЫН ЦАНАЧДЫН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
Монголын гүйлтийн цанын тамирчдын тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Э.Ариунтунгалаг спринт уралдаанд 89 тамирчнаас 68-р байр, цуваа гараатай 10 км чөлөөт гүйлтийн төрөлд 111 тамирчнаас 83-р байр эзэллээ. Эмэгтэй цаначдын буухиаг үргэлжлүүлсэн Э.Ариунтунгалаг 29 насандаа анхны олимпын наадамд уралдлаа.
Өнөөдөр гурав дахь олимпын наадамдаа уралдаж байгаа Б.Ачбадрах сүүлийн уралдаанаа хийнэ.
Эх орондоо олимпын эрхийг анхлан авчирсан Б.Ачбадрах скиатлон/10км+10км/-д 75 тамирчнаас 55-р байр, спринт уралдаанд 95 тамирчнаас 81-р байр эзэлсэн. Өнөөдөр эрэгтэйчүүдийн цуваа гараатай 10 км чөлөөт гүйлтийн төрөл болж түүний уралдаан өндөрлөнө.
Монгол Улсаас анх удаа уулын цанын төрөлд цаначин А.Ариунбат оролцож байгаа. Түүний уралдаан хоёрдугаар сарын 16-д болно.
Гэрэл зургийг Д.Нямбилэг, Э.Харцага