
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Иран АНУ-тай хийх хэлэлцээнд “хөзөргүй” шахам оролцоно. Зөвхөн дэлхийн стратегийн чухал усан зам болох Ормузын хоолойг хянах боломжоос өөр давуу талгүй” гэж мэдэгджээ.
Тэрээр өөрийн Truth Social сүлжээнд “Иранчууд олон улсын усан замыг ашиглан дэлхийг богино хугацаанд дарамтлах боломжоос өөр хөзөргүй гэдгээ ойлгохгүй байх шиг байна. Тэд өнөөдөр амьд байгаа цорын ганц шалтгаан нь хэлэлцээ хийх явдал!” гэж бичсэн байна.
Өөр нэг сошиал сүлжээний мэдэгдэлдээ тэрээр “Иранчууд хуурамч мэдээлэл түгээх болон олон нийттэй харилцах (PR)-даа илүү сайн, харин тулалдахдаа тийм биш” хэмээн шүүмжилсэн байна.
Дэлхийн газрын тосны ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг нарийхан усан гарц болох Ормузын хоолой нь өнөөдөр Пакистанд болох АНУ, Ираны энхийн хэлэлцээний гол асуудал байх юм.
АНУ болон Иран хоёр мягмар гарагт хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа уг хоолойг нээхээр болсон ч Техраны заналхийллийн улмаас маш цөөн хөлөг онгоц түүгээр нэвтэрч байгаа аж.
Трамп пүрэв гарагт Иран уг усан замаар газрын тос нэвтрүүлэх ажлыг “маш муу” хийж байна гэж мэдэгдээд “Энэ бол бидний хийсэн тохиролцоо биш!” гэж нэмж хэлжээ.
Түүний “хөзөргүй” гэсэн мэдэгдэл нь өнгөрсөн хоёрдугаар сард Цагаан ордонд Володимир Зеленьскийд хандан хэлж байсан үгтэй төстэй байв. Тэр үед Трамп мөн л “Та нарт хөзөр байхгүй” гэж мэдэгдэж байсан юм.
Баасан гарагт Трамп мөн New York Post сонинд өгсөн ярилцлагадаа, хэрэв хэлэлцээ амжилтгүй болбол Иранд цохилт өгөх зорилгоор АНУ-ын байлдааны хөлгүүдийг дахин зэвсэглэж байгаа талаар хэлжээ. “Бид дахин эхлүүлэх (reset) гэж байгаа. Хөлгүүдээ хамгийн шилдэг сум, хамгийн шилдэг зэвсгээр цэнэглэж байна. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол бид тэдгээрийг ашиглах болно, маш үр дүнтэй ашиглана” гэж Трамп утсаар ярилцахдаа хэлснийг тус сонин эш татжээ.
Үүнээс өмнө тэрээр сошиал сүлжээнд “Дэлхийн хамгийн хүчирхэг “шинэ эхлэл” !!!” гэсэн товч бөгөөд тодорхойгүй утгатай мэдэгдэл хийжээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Ванс баасан гарагт Исламабад руу ниссэн. Тэрээр энэ амралтын өдрүүдэд болох Ирантай хийх хэлэлцээнд АНУ-ын төлөөлөгчдийг тэргүүлэхээр болсон. Тэрээр нисэхээсээ өмнө сэтгүүлчдэд “Бид эерэг хэлэлцээ хийхийг оролдоно. Хэрэв Иран чин сэтгэлээсээ хэлэлцэхэд бэлэн бол бид ч мөн адил нээлттэй байна. Харин биднийг хуурах гэж оролдвол хэлэлцээний баг тийм ч уян хатан хандахгүй” гэж анхааруулжээ.
Ормузын хоолойгоос АНУ-ын зүгээс Ираныг өндөр баяжуулсан ураны нөөцөө орхих шаардлага тавьж буй бол Ираны зүгээс АНУ болон Израилийн цаашдын цэргийн довтолгооноос сэргийлэх зорилт бүхий шаардлагыг хариу тавьж байгаа аж.