
МУУГЗ Н.Адъяабазарын "Нарны талст 2" бие даасан үзэсгэлэн энэ сарын 18-ийг дуустал нийтийн хүртээл болно. Тус үзэсгэлэнд уран бүтээлчийн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд туурвисан 60 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд бүтээлүүдийн агуулга, сэдэв, онцлогоор нь 5 хэсэг болгон хүргэж байна.
I хэсэг- Түүхэн сэдэв
Үзэсгэлэнгийн эхний хэсэгт зураачийн Монголын түүх, тэр дундаа 13-р зууны үеийн түүхэн сэдэвт бүтээлүүд багтжээ.
II хэсэг- Наадам ба бага насны дурсамж
Харин эл хэсэгт зураач бага наснаасаа морьтой ойр өсөж, үндэсний их баяр наадмын морины уралдаанд оролцож ирсэн нь түүний уран бүтээлд чухал байр суурь эзэлдэг. Энэхүү хэсэгт зураачийн бага насны дурсамж, наадмын уур амьсгал, хурдан морины хөдөлгөөн зэргийг дүрслэн харуулсан бүтээлүүдээс бүрдэнэ.


III ба IV хэсэг- Монгол ба гадаад
Энэ хэсэгт зураач Монгол болон гадаадын улс орнуудад хийж байсан пленерь ажлууд, олон улсын уран зургийн арга хэмжээнд оролцож байх үедээ туурвисан дурсамж, бүтээлүүдийг багтаасан байна.
V хэсэг - Эрхэмсэг
Үзэсгэлэнгийн сүүлийн хэсэгт зураачийн монгол эмэгтэйн гоо сайхан, уужим сэтгэл, эрхэмсэг оршихуйг өөрийн арга техник, зохиомжоор илэрхийлсэн бүтээлүүд орж байгаа юм.