
Америкийн нэрт жүжигчин, 93 настай Эллен Бёрстин Венецийн 83 дахь олон улсын кино наадмаас насан туршийн амжилтын “Алтан арслан” шагналыг хүртлээ. Түүнийг дэлхийн кино урлагт 60 орчим жил үргэлжилсэн, эмэгтэй хүний дотоод ертөнц, эмзэглэл, тэсвэр хатуужлыг дэлгэцэд онцгой, үнэн бодитоор илэрхийлсэн жүжигчин хэмээн Венецийн наадмын уран сайхны удирдагч Альберто Барбера үнэлсэн байна.
Бёрстин “The Last Picture Show”, “The Exorcist”, “Alice Doesn’t Live Here Anymore”, “Requiem for a Dream”, “Interstellar” зэрэг олон арван бүтээлээрээ кино урлагийн түүхэнд өөрийн тод мөрийг үлдээсэн бөгөөд 150 орчим кинонд тогложээ. Тэрээр “Alice Doesn’t Live Here Anymore” киноны дүрээр 1975 онд “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн бөгөөд кино, театр, телевизийн гурван салбарт “Triple Crown of Acting” буюу Оскар, Тони, Эммигийн шагналыг хүртсэн цөөн жүжигчдийн нэг юм.
Бёрстиний хувьд энэ шагнал нь зөвхөн урт удаан уран бүтээлийн замналыг дүгнэсэн хүндэтгэл биш, кино урлаг дахь эмэгтэйчүүдийн байр суурь хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн харах боломж болов. Тэрээр Венецийн тайз дээр үг хэлэхдээ "Жүжигчний замналаа эхлүүлэх үед кино зураг авалтын талбайд эрэгтэйчүүд давамгайлдаг байсан бол өнөөдөр эмэгтэй уран бүтээлчдийн оролцоо, нөлөө мэдэгдэхүйц өссөн" гэдгийг онцолсон байна. Бёрстин энэ өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөн болон феминист үзэлтэн Глория Стайнемийн тэмцэл чухал нөлөө үзүүлсэн гэж үзжээ. Гэхдээ тэрээр кино салбарт жендэрийн бүрэн тэгш байдал хараахан тогтоогүйг мөн тэмдэглэсэн юм.
Өдгөө Бёрстин 93 насандаа эл шагналыг хүртэх үед ч уран бүтээлээ зогсоогоогүй хэвээр байна. Тэрээр энэ жилийн Венецийн наадамд хоёр кинотой оролцож байгаа бөгөөд Корнел Мундруцогийн “Place to Be” киноноос гадна Мэгги Жилленхолын “Flesh Impact” богино кинонд Мэрилин Монрогийн 100 настай төсөөллийн дүрийг бүтээжээ.