
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрээр, Засгийн газраас хэрэгжүүлж буй "Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос гаргах" зургаан шинэчлэлийг 2026-2027 оны хичээлийн жилээс үе шаттай хэрэгжүүлж эхлэхээр болсон. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль бодлогын хүрээнд Улаанбаатар хотын 3 000-аас дээш сурагчтай, ачаалал өндөртэй 38 сургуулийн бүтцийг өөрчилж, хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулна.
Ирэх хичээлийн шинэ жилд нийт 440 орчим барилга байшин эх засвар хийнэ. Энэ хүрээнд аймаг сумдын хэмжээнд бүтээн байгуулалт хийж байгаа бүх компаниудын барилгын материалыг хянаж, лабораторийн шинжилгээ хийхээр болсон. Мөн тендер авсан ч ажлаа олон жил гүйцээгээгүй, тендерт маш бага үнээр ордог, чанаргүй цэцэрлэг сургууль барьдаг 26 компанийн хар жагсаалтыг гаргасан. Цаашид эдгээр компанийн барилга барих, нийтийн тендерт оролцох эрхийг нь хасна.
2008-2014 онд төрөлт өндөр байсан. Тэр үед төрсөн хүүхдүүд өнөөдөр дунд ангид суралцаж байна. Харин сүүлийн жилүүдэд төрөлт буурснаар сургуулийн өмнөх боловсролын ачаалал багасаж, нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо 16 мянга орчмоор буурсан. Мөн газрын асуудал хүнд байгаа учраас сургуулийн барилгуудыг гурван давхраас таван давхар болгон өргөтгөх ажлыг зохион байгуулна.
2026-2027 оны хичээлийн жилд 50 хотхоны бага сургуульд 26 мянган хүүхэд суралцана. Мөн 15-20 төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар ажиллаж байна. Эдгээр ажлыг цэцэрлэгийн сугалааг халсан туршлагад тулгуурлан төр, хувийн хэвшлийн түншлэлээр буюу хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.
Мөн энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог Эрүүл мэндийн яамтай хамтран нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Сургуулийн орчинд хүүхэд өдөрт нэг аяга сүү уух, хоёр литр хүртэл цэвэршүүлсэн ус хэрэглэх боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор их сургуулиуд, коллежийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр болсон. Харин хөдөө, орон нутагт хичээл сургалтын үйл ажиллагаа ямар нэг өөрчлөлтгүйгээр есдүгээр сарын 1-нээс хэвийн үргэлжилнэ.
2026-2027 оны хичээлийн жилийн нэгдсэн зохион байгуулалт, зарим бүсчлэлийн сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд хэрхэн өөрчлөх талаар долоодугаар сарын 23-нд албан ёсоор Боловсролын Яамнаас мэдээлнэ" гэлээ.