
Оросын багуудыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрийг эргэн харах хэрэгтэй гэж Олон улсын хөл бөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино үзэж байна.
Тэрбээр, “Бид хоригийн талаар эргэж харах нь зүйтэй. Учир нь, энэ хориг ямар ч үр дүнд хүрээгүй. Зөвхөн бусдын урмыг хугалж, үзэн ядалтыг бий болгосон” гэлээ.
Мөн Израилийн багуудад хориг тавихын эсрэг байгаагаа илэрхийлсэн юм. Түүний үзэж байгаагаар, улс төрийн удирдагчдын үйлдлээс шалтгаалан аливаа улсын эсрэг хөлбөмбөгчдөд хориг тавих ёсгүй, үүнийг дүрэмд тусгах ёстой гэдгийг онцоллоо.
Оросын арми 2022 оны хоёрдугаар сард Украинд довтолсны дараа "ФИФА, УЕФА"-гийн ивээл дор болдог тэмцээнүүдэд Оросын багуудыг оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Гэвч Оросын хөлбөмбөгчдийн эсрэг авсан хоригийг цуцлах асуудлыг ФИФА-гийн зөвлөл ойрын үед хэлэлцэхгүй гэдгийг хэвлэлд дурджээ.
Түүнээс гадна, Англи, Украин, Польш, Шведийн багууд Оросын багуудтай тоглохоос татгалзжээ.