
Хятад улс цахилгаан тээврийн хэрэгслүүд (EV)-ийн далд хаалганы бариулыг хориглосон анхны улс боллоо. Энэхүү загвар нь тэрбумтэн Илон Маскын Tesla-гаар алдартай болсон дизайн юм.
Цахилгаан машинуудад аюулгүй байдлын хяналтын байгууллагуудаас хийх шалгалт нэмэгдэж байгаа бөгөөд шалтгаан нь Хятадад Xiaomi EV автомашинтай холбоотой хоёр аюултай осол аж. Цахилгаан системийн эвдрэл хаалгыг нээх боломжгүй болгосон ослоос үүдэн жолооч болон зорчигчид нь машиндаа түгжигдэн нас барсан билээ.
Шинэ дүрмийн дагуу машин нь зөвхөн дотоод болон гадаад талаасаа механик хаалганы бариултай тохиолдолд л худалдаалагдах ёстой гэдгийг Хятадын төрийн төв хэвлэл мэдээлсэн байна. Уг шинэ журам 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дүрмийн дагуу зорчигчийн хаалган дээрх бариулыг ашиглах боломжтой, хамгийн багадаа 6 см x 2 см x 2.5 см хэмжээтэй хонхорхой байх ёстой. Машины дотор талд хаалгыг хэрхэн нээхийг заасан хамгийн багадаа 1 см x 0.7 см хэмжээтэй тэмдэг байх шаардлагатай гэж заажээ.
Хятадын зах зээлд худалдаалагдах шатанд байгаа автомашинууд шинэ стандартыг хангасан бариул хийхэд хоёр жилийн нэмэлт хугацаа олгохоор болжээ.
Далд бариул нь Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн (NEV) зах зээлд өргөн хэрэглэгддэг бөгөөд үүнд цахилгаан машин, хосолсон хөдөлгүүртэй зэрэг машинууд багтдаг. China Daily сонины мэдээлснээр хамгийн их борлуулалттай топ 100 NEV автомашины 60 орчим хувь нь далд бариултай байдаг аж.
Эдгээр арга хэмжээ зөвхөн Хятадын зах зээлд борлуулагдах загваруудад хэрэгжих боловч, дэлхийн авто үйлдвэрлэлд Хятадын оролцоо их байдгаас үүдэн дэлхий даяар нөлөө үзүүлэх магадлалтай юм.
Tesla-ийн хаалганы бариулыг АНУ-ын аюулгүй байдлын хяналтын байгууллагууд аль хэдийн шалгаж эхэлсэн бөгөөд Европын эрх бүхий байгууллагууд өөрсдийн дүрмийг боловсруулах тухай хэлэлцэж байгаа гэх мэдээлэл цацагдсан.
2025 оны 11-р сард АНУ-ын Үндэсний Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Удирдах Газар (NHTSA) Tesla-ийн цахилгаан хаалганы бариулд чиглэсэн шалгалт эхлүүлсэн бөгөөд зарим тохиолдолд бариул гэнэт ажиллахаа больж, хүүхдүүд машины дотор гацсан хэрэг цөөнгүй гарсан. NHTSA нь Tesla-ийн 2021 оны Model Y автомашины хаалганы бариултай холбоотой есөн гомдол хүлээн авсан бөгөөд дөрвөн тохиолдолд машин эзэмшигчид асуудлыг шийдэхийн тулд цонхыг эвдэх шаардлага гарсан байна.