
Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ. 6000 гаруй шатарчид оролцдог уг тэмцээн гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд аймаг, нийслэлийн эхний шатнаас шалгарсан шатарчид ирэх сарын 19, 20-ны өдрүүдэд хагас шигшээ тоглолтод өрсөлдөнө. Улмаар шигшээ тэмцээн 2027 оны нэгдүгээр сард Улаанбаатарт болж, шатар сонирхогчдын улсын аваргууд тодрох юм.
Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд болох эхний шатнаас сумаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй, дүүргээс 6 эрэгтэй, 3 эмэгтэй шатарчин шалгарч, ирэх сард болох хагас шигшээ шатанд тоглох эрхийг авна.
Энэ жил Үндсэн хууль батлагдсаны 35 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг тэмцээний энэ удаагийн шагналын сан нэмэгдсэн талаар зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээллээ. Тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах ба цагийн хяналт нь талдаа нэг цаг, нэг өрөг нийтдээ хоёр цаг үргэлжлэхээр тооцоолсон байна. Тэмцээнийг олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч зэрэг шүүгчид хянаж ажиллахаар болжээ.
Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны хувьд 1800), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч Үндсэн хуулийн өдрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү тэмцээнд оролцох эрхтэй юм.
