
Нидерландын нэрт зураач Винсент ван Гогийн 60 гаруй жилийн турш олон нийтэд дэлгэн үзүүлээгүй уран зургийг дуудлагаар худалдана. Тус худалдааг “Sotheby's” ордноос явуулж байгаа агаад Нью-Йорк хотноо зохион байгуулах юм. Уг дуудлага худалдаагаар зургийн үнэ 180 сая ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна.
Ийнхүү цуглуулагчид энэхүү ховор, үнэ цэнтэй бүтээлийг худалдан авахаар өрсөлдсөөр байгаа тул ирэх сарын 18-нд болох уг дуудлага худалдаа нь үнэ цэнтэй урлагийн бүтээлийн зах зээлийг сорьсон үйл явдал болно хэмээн олон хүмүүс таамаглаж байгаа аж.
“Châtaigniers en fleurs” буюу "Цэцэглэж буй туулайн бөөр модод" хэмээх уг зураг нь суут зураачийн Францын Овер-сюр-Уаз тосгонд туурвисан хамгийн сод бүтээлүүдийн нэг юм. Тэрээр уг бүтээлээ 1890 оны тавдугаар сард зурсан бөгөөд үүнээс хоёр сарын дараа буюу 37 насандаа таалал төгсжээ.
Нью-Йорк дахь “Sotheby's” дуудлага худалдааны ордны орчин үеийн болон контемпорари урлагийн газрын мэргэжилтэн Скотт Ничел “Энэхүү бүтээл нь зураачийн ер бусын өөдрөг үзэл, оргилуун эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүлэл, өнгө будгийн баялаг илэрхийллээрээ түүний уран бүтээлийн онцгой үеийг харуулдаг” хэмээжээ.