
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын "Хүүхдийн Сан" хамтран хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлаж, албан ёсоор танилцууллаа.
Сүүлийн үед улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан 320 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 23 ортой хүүхдийн тасгийг бүрэн тохижуулсан байна. Тус засварыг UNICEF-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, тасгийг орчин үеийн тавилга, цагаан хэрэгслээр бүрэн хангажээ.
Шинэчлэгдсэн тасаг нь улаанбурхан, улирлын томуу болон бусад халдварт өвчтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн хүүхэд болон тэдний асран хамгаалагчдад илүү аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж байна.