
АНУ-ын прокуроруудын мэдээлснээр, Лос-Анжелесийн чинээлэг захын дүүргийн өмнөх хотын дарга Хятадын албан тушаалтнуудын заавраар Бээжинг дэмжсэн суртал ухуулга түгээж байжээ.
АНУ-ын Лос-Анжелес хотын чинээлэг захын дүүрэг болох Аркадиагийн өмнөх хотын дарга Хятадын хууль бус агентын үүрэг гүйцэтгэж байснаа хүлээн зөвшөөрсөн талаар эрх баригчид мэдэгдлээ.
Эйлийн Ван нь 2020 оны сүүлээс 2022 он хүртэл гадаад улсын хууль бус агентын үүрэг гүйцэтгэсэн нэг зүйл ангид гэм буруугаа хүлээж, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсон гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.
Бээжинг дэмжсэн суртал ухуулга түгээхдээ Хятадын өмнөөс ажиллаж байгаагаа АНУ-ын засгийн газарт мэдэгдээгүй гэдгээ Ван хүлээн зөвшөөрсөн талаар Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
58 настай тэрээр БНХАУ-ыг дэмжсэн агуулга нийтэлдэг, өөрийгөө хятад-америкчуудад зориулсан мэдээллийн сайт хэмээн танилцуулдаг “US News Center” нэртэй вэбсайтыг ажиллуулж байсан. Тэрээр уг сайтыг Калифорнийн иргэн Яонин Сантай хамтран ажиллуулж байсан бөгөөд Сан нь 2025 оны аравдугаар сард гадаад улсын хууль бус агентын үүрэг гүйцэтгэсэн хэрэгт буруугаа хүлээн зөвшөөрсний дараа дөрвөн жилийн хорих ял сонссон гэж АНУ-ын прокурорууд мэдээлжээ.
Прокуроруудын мэдээлснээр, Вангийн үйл ажиллагаанд БНХАУ-ын албан тушаалтны бичсэн, баруун хязгаарын Шинжаан бүсэд уйгар үндэстний цөөнхөд геноцид үйлдэж байна гэх буруутгалыг няцаасан өгүүллийг дахин нийтлэх зэрэг ажил багтаж байжээ.
Тэрээр даваа гарагт хотын даргын албан тушаалаасаа огцорсон бөгөөд энэ талаар Аркадиа хотын албан ёсны вэбсайтад нийтэлсэн мэдэгдэлд дурдсан.
Ван 10 жилийн хорих ял авах эрсдэлтэй байгаа юм.
Түүний өмгөөлөгчид болох Брайн А Сан, Жэйсон Лиан нар Ван “хувийн амьдралдаа гаргасан алдааныхаа төлөө” уучлал хүсэж байгааг мэдэгджээ. “Гэхдээ яллах мэдээлэл болон засгийн газартай байгуулсан тохиролцооны үндэс болсон үйлдлүүд нь зөвхөн хатагтай Вангийн хувийн амьдралтай холбоотой. Өөрөөр хэлбэл, сүйт залуугаа гэж итгэж байсан хүнтэйгээ хамтран ажиллуулж байсан медиа платформтой холбоотой. Тэрнээс биш сонгогдсон төрийн албан тушаалтны хувиарх үйл ажиллагаатай нь холбоогүй гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй” гэж Сан болон Лиан нар мэдэгдэлдээ дурджээ.
Мөн “Түүний Aркадиа хотын иргэдээ гэсэн хайр, үнэнч байдал өөрчлөгдөөгүй бөгөөд хэзээ ч ганхаагүй. Тэрээр олон нийтийн ойлголцол болон цаашдын дэмжлэгийг хүсэж байна” гэж нэмжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах ерөнхий прокурор Жон А.Айзенберг Вангийн хийсэн зүйлд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ. “АНУ-д төрийн албан тушаалд сонгогдсон хүмүүс зөвхөн өөрсдийн төлөөлж буй АНУ-ын ард түмний төлөө ажиллах ёстой” гэж тэр хэлээд “Өмнө нь БНХАУ-ын засгийн газрын албан тушаалтнуудаас заавар авч, хэрэгжүүлж байсан хүн өнөөдөр олон нийтийн итгэлийг хүлээсэн албан тушаалд байгаа нь өөрөө түгшүүр төрүүлэм асуудал. Ялангуяа тэрхүү гадаад засгийн газартай харилцаагаа огт ил болгож байгаагүй нь бүр ч ноцтой” гэж прокурор Жон А.Айзенберг хэлжээ.
Вашингтон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яам ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Вангийн эсрэг хэрэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп маргааш (2026.05.13) Бээжин хотод Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж буйтай давхцаж байна. Хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалтаар АНУ-Израилийн Ираны эсрэг дайн, худалдаа, Тайваний асуудал зэрэг сэдвийг хэлэлцэх төлөвтэй байгаа юм.
Энэхүү уулзалт нь хоёр удирдагч өнгөрсөн аравдугаар сард БНСУ-д болсон уулзалтын үеэр худалдааны дайнаа нэг жилийн хугацаанд түр зогсоохоор тохиролцсоны дараа болж байна.