
2003 онд Forbes сэтгүүл “Bank It Like Beckham” гэсэн содон гарчигтай нийтлэл гаргасан юм.
Дэлхийн санхүүгийн гол хэвлэл хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн алдартай нэр болох Девид Бекхэмийг гоол, дамжуулалт, аваргын цомоор нь бус харин мөнгө босгох чадвараар нь үнэлсэн хэрэг. Тухайн үед олон хүн үүнийг тун нь хэтэрсэн шар мэдээ хэмээн тохуурхаад өнгөрчээ. Гэвч хорин жилийн дараа Forbes-ийн зөв байсан нь нотлогдож Девид Бекхэм Их Британийн анхны тэрбумтан тамирчнаар нэрлэгдлээ.
Sunday Times-ийн баячуудын жагсаалтад тодотгосноор Бекхэмийн гэр бүлийн нийт хөрөнгө 1.185 тэрбум фунт стерлингт хүрчээ.
“Гурван арслан” багийн ахлагч, дэлхийн шилдэг хөлбөмбөгчний тамирчны замнал 13 жилийн өмнө төгссөн ч нэрээ брэнд болгож чадсан Девид Бекхэмийн хамгийн том ялалт нь ногоон талбайгаас гарсны дараа эхэлсэн юм.
1990-ээд оны сүүлээр Английн залуу од гэнэт дэлхийн анхаарлын төвд орсон нь зөвхөн гайхамшигт чөлөөт цохилттой нь холбоотой биш байв. Бекхэмийн үс засалт, шивээс, хувцаслалт, камерын өмнөх төрх хүртэл мэдээ болж эхэлсэн цаг. Гадаад төрхөндөө гойд анхаардаг Девид эмэгтэйчүүдийн дунд хурдан алдаршиж, заримдаа шинэ үсний засалт нь Премьер лигийн тоглолтоос ч илүү олныг шуугилна. 1999 онд Spice Girls хамтлагийн дуучин Виктория Адамстай гэрлэснээр залуу хос Английн поп соёлын хамгийн үнэтэй экспорт болж, хамтдаа бренд бүтээж эхлэв. Өнөөдөр бараг бүх тамирчин загварын гэрээтэй болсон ч энэ бүгдийн анхдагч нь Бекхэм байсан. Бусдаас ялгаатай нь тэр зөвхөн бүтээгдэхүүн сурталчлаагүй, харин амьдралын хэв маяг зарсан явдал юм. Гэр бүлийн зураг, хүүхдүүд, аялал, хувцаслалт, байшин бүгд өөрсдийн гэсэн эдийн засгийн өртөгтэй. Бекхэмийн гэр бүлийг даган дуурайж хувцас, амьдралын хэв маягийн сонголтоо хийдэг хандлага одоо ч үргэлжилсээр.
Сэр Алекс Фергюсон
Бекхэм шоу-бизнестэй гэрлэснээсээ хойш хэзээ ч өмнөх шигээ хөлбөмбөг тоглоогүй. Хөлбөмбөг түүний амьдралын жижигхэн хэсэг болсон.
Гэвч нөгөө талд гадаад төрхөндөө хэт анхаарч, хэвлэл мэдээллээр байнга гарах нь Бекхэмийн тоглолтод муугаар нөлөөлсөн ч тал бий. “Клуб тоглогчоосоо үргэлж том байх ёстой” гэсэн зарчим баримталдаг домогт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон 2003 онд нэгэн тоглолтын дараа түүний хайнга байдалд ундууцсандаа хувцас солих өрөөнд шаахай шидэн хөмсөгийг нь зад цохиж байв. Бекхэм ч Манчестер Юнайтэдийг орхин Реал Мадридад очих аян шалтаг гарч ирэв. Олон хүн үүнийг спортын сонголт гэж ойлгосон ч үнэн хэрэгтээ бизнесийн шийдвэр байсан юм. Түүнийг Реал Мадрид руу явуулахад трансферийн үнээс гадна цамцны борлуулалт, телевизийн эрх, Азийн зах зээл дээрх нэр хүнд хүртэл хөдөлсөн гэдэг. 2000-аад оны эхэн үеийн Реал хөлбөмбөгийн багаас гадна “Galácticos” төслөөр дамжуулан спортын брэнд болохыг зорьж байв. Зинедин Зидан, Роналдо, Луис Фигу, Роберто Карлос гэсэн суут хөлбөмбөгчдийн дунд Бекхэм хамгийн тод маркетингийн нэр. Испанид очсон эхний саруудад түүний өмсгөл хэдэн саяар зарагдаж, клубын үнэлгээ ч огцом өсөхтэй зэрэгцээд түүний үнэ зөвхөн тоглолтоор хэмжигдэхээ больжээ. Adidas, Pepsi, Gillette, Armani зэрэг аваргууд Beckham нэрийн шошго зүүхийн төлөө өрсөлдөх болсон.
Реал Мадридын бүрэлдэхүүнд байхдаа ч гайхамшигт чөлөөт цохилтуудаараа фэнүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Девид Бекхэм удаад нь ЛА Галакси, АС Милан, Парис Сен-Жермен багуудад тоглож АНУ болон Европын дөрвөн лигт түрүүлсэн.
2007 онд түүнийг ЛА Галакси руу очиход Европын хэвлэлүүд “мөнгөний төлөө явлаа”, “карьер нь дууслаа” гэж гоочилж байв. Харин Бекхэм бусдаас түрүүлж нэг зүйлийг ойлгосон нь Америк бол спортоос гадна асар том бизнесийн зах зээл юм.
Түүний Major League Soccerтэй хийсэн гэрээний хамгийн сонирхолтой хэсэг нь өндөр цалин биш харин ирээдүйд лигийн шинэ багийг хөнгөлөлттэй үнээр авах эрх байлаа. 2013 онд тамирчны замналаа өндөрлүүлсний дараа Бекхэм уг эрхээ ашиглан Интер Майми клубээ байгуулав. Зөвхөн баг байгуулаад зогсоогүй 2023 онд дэлхийн супер од Лионель Мессиг урвуулсан нь клубын үнэлгээг тэнгэрт тулгав. Саяхан Мессигийн гэрээг 2028 он хүртэл сунгасан нь клубийн ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг улам бататгасан.
Өнгөрсөн онд хөлбөмбөгийн багаас гадна үл хөдлөх хөрөнгө болон гэр бүлийн бусад бизнесүүд нь Бекхэмийн орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн байна. Интер Майами клубийн цэнгэлдэх хүрээлэнтэй залгаа орших томоохон үл хөдлөх хөрөнгийн төсөл, мөн Adidas, Hugo Boss брэндүүдтэй байгуулсан хамтын ажиллагаа нь Дэвидийн хөрөнгийг зузаатгасаар. Үүний зэрэгцээ Викториа Бекхэмийн тансаг зэрэглэлийн загварын брэнд тогтвортой өсөлт үзүүлж, сүүлийн үеийн орлого нь 100 сая фунт стерлинг давжээ. Ройтерс агентлагийн тооцоолсноор түүний загварын эзэнт гүрний нийт үнэлгээ 700 сая ам.доллар хэдийнэ давжээ.