
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр эхэллээ. Үүнтэй зэрэгцээд улс төр халах нь ч тодорхой болоод байна.
Нийт 30 гаруй асуудал хэлэлцэхээр намрын чуулганы төгсгөлд баталсан юм. Хаврын чуулганаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталдаг. Мөн Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцэж, 2025 оны төсвийн гүйцэтгэлийг шүүдэг билээ. Улсын төсөвтэй холбоотой эдгээр бичиг баримтаас гадна Татварын багц хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай зэрэг хүлээлт үүсгэсэн асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл ч жагсаалтад багтсан юм. Тэгвэл эдгээрээс гадна улс төрийг бужигнуулж мэдэх хэд хэдэн хуулийн төсөл хүлээлт үүсгээд байна. Учир нь хууль санаачлах эрхтэй субъектүүдээс нэмж төсөл өргөн барьсан бол үүнийг хэлэлцэх эсэхийг тухай бүрд нь шийдээд явдаг. Тэгвэл эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй асуудал нь юу вэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсныг түүний Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр энэ сарын 9-нд өргөн барив. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, ёс зүйн дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн бол эгүүлэн татахаар уг төсөлд тусгасан юм. Мөн жагсаалтаар сонгогдсон гишүүнийг тухайн нам нь өөрөө эгүүлэн татах эрхтэй байх нь зөв гэж үзжээ. Одоо үйлчилж буй хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон нөхцөлд эгүүлэн татах зохицуулалт бий. 2024 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн, анхны 126 гишүүнтэй парламентад намын жагсаалтаар голдуу ёс зүйн “ё” үсэг ч байхгүй, хууль дүрмийг уландаа гишгэдэг, ичих булчирхайгүй хэдэн гишүүн орж ирсэн. Гэхдээ хуулийн төсөл зөвхөн жагсаалтынханд хамаарна гэж ойлгож болохгүй. Хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан л бол жагсаалт, тойргоос сонгогдсон гэж ялгахгүй үйлчилнэ.
Төрийн тэргүүн ийм хуулийн төсөл санаачлахаа мэдэгдэхтэй зэрэгцээд элдэв санаатай, санаагүй мэдээлэл хөвөрч байна. Үүний нэг нь “Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхэд халдлаа” гэдэг өнцөг. Зэрэгцээд “Монгол Улсыг парламентын засаглалаас холдуулж, нэг хүний эрх мэдэлд төвлөрүүлэх оролдлого хийж эхэллээ” хэмээв. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, түүхэн рекорд тогтоосон асар урт яриа дэлгэлээ. Гол агуулга нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг буруутгасан, бас нэг хүний засаглал тогтоохын эсрэг буйгаа илэрхийлэв.
Дөнгөж л өргөн барьсан хуулийн төслийг ийнхүү “онцолж” ярих шалтгаан юу байв. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн хэрэгт буруутгагдсан хэсэг гишүүн энэ парламентад бий. Тодруулбал, Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах оролдлого хийсэн гэдгийг Цэц Их суудлын хуралдаанаараа тогтоосон. Улмаар тухайн өдрийн чуулганы хуралдааныг удирдсан УИХын гишүүн Х.Булгантуяаг дэд даргаас нь огцруулсан. Эл үйлдэлд оролцсон УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир тэргүүтнийг ч хуулийн байгууллага шалгаж байгаа. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд болсон МАН-ын Бага хурлаас хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй зарим гишүүнээ намаас түдгэлзүүлж буйгаа тус намын дарга Н.Учрал зарлаад буй. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар үүнд багтаж, “сул хүн” болоод байна. Нэмээд ИЗНН-ын гишүүн М.Нарантуяа-Нара, АН-ын Ц.Мөнхтуяа нарыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр өчиггүй эгүүлэн татагдана гэж ярих хүмүүс байна.
Иймээс ч УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг парламент батлах магадлал өндөр байгааг илтгэнэ гэж үзэх хэсэг бий. Учир нь, МАН-ын даргын сонгуулиар энэ намынхан хоёр хуваагдаж, нэр дэвшсэн УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа огцруулах “зодоон” эхлүүлсэн. Үүнд Г.Занданшатарын талынхан илүүрхэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө спикерээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байв. Нөгөөтэйгүүр, энэ ирц нь УИХын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг батлах магадлал өндөр гэсэн таамаглалыг нэмэгдүүлээд байгаа юм. Дээр нь Төрийн тэргүүн бол МАН доторх хамгийн хүчтэй тоглогч. Түүний талд олонх байх. УИХ дахь сөрөг хүчнийхэн гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл оруулж ирвэл бүлгээрээ дэмжинэ гэдгийг О.Цогтгэрэл дарга нь мэдэгдсэн.
Тэгвэл үүний ард үнэхээр л парламентын бүрэн эрх алдагдах гээд байна уу гэсэн асуулт гарна. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар ч яг ижил агуулгатай хуулийн төсөл санаачилснаа Ерөнхийлөгчөөс ч өмнө мэдэгдсэн. Гэтэл түүнийг тоосон хүн бараг үгүй. Учир нь дэмжлэг авахгүй, хол явахгүй байсан биз. Харин Ерөнхийлөгч бол өөр. Гэхдээ тэр бол хууль санаачлах эрхтэй гурван субъектийн л нэг. Тиймээс бүрэн эрхээ эдэлж байна. Бас төсөл өргөн барихдаа уг хуулийн гол үзэл баримтлал нь ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэн дархлааг бэхжүүлж, ард түмний хяналтыг нэмэгдүүлэх зорилготойг онцолжээ. Монгол Улсад зөвхөн парламентын засаглалаа хадгална, нэг хүний удирдлага тогтоох ямар ч санаархал байхгүй гэдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө ч хариуцлагатайгаар мэдэгдэж байсан билээ. Тэгэхээр хууль санаачлах бүрэн эрхээ нэг нь эдэлж. Батлах эсэх нь парламентын эрх болж үлдлээ.
Нэг талаар хууль зөрчдөг, ёс зүйгүй гишүүд явснаар парламентын бүрэн эрх баталгаажиж, нэр цэвэрлэгдэх учиртай. Нөгөө талд хуулиа дагадаг, тангаргаа мөрддөг, нийт ард түмний эрх ашгийн төлөө ажилладаг, ёс зүйтэй гишүүдэд ийм агуулгатай хуулиас айх шаардлага үгүй юм. Хуулийг зөрчих биш, дагадаг байхад л болчихно. Гэвч энэ хууль нь эргээд өрсөлдөгчөө намнадаг, бүлэглэл хоорондын зодооны хэрэгсэл болчих вий гэсэн болгоомжлол байгааг ч бас үгүйсгэж болохгүй билээ.
Татварын багц болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд иргэд ийм хүлээлт тавьж буй. Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төсөлд иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг хоёр их наяд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум, нийт 2.7 их наяд төгрөгийг үе шаттайгаар бууруулахаар тооцсон аж. 500 мянга хүртэлх орлоготой иргэдийг татвараас 100 хувь чөлөөлнө гэнэ. Гэхдээ ийм хэмжээний орлого гэдэг бол амьдрах биш, аргацаах гэж ядаж буй л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ажил хийдэг хүмүүсийн сарын цалин үүнээс арай дээр тул татвараас хэн ч 100 хувь чөлөөлөгдөхгүй нь. Татварын өрөө төлж барахгүй байгаа компаниудын дансыг шууд хаадаг бүдүүлэг аргыг “зөөлрүүлж”, 80 хувь хаах гэнэ. Иргэдээ энэ мэтээр “шоглосон” заалт төсөлд цөөнгүй байгаа тул их итгэл хүлээлгээд хэрэггүй л болов уу.
Гагцхүү парламентаар төслийг хэлэлцэх үед бодит өөрчлөлт авчрах заалт нэмэх амьдрал мэддэг гишүүд гарч ирээсэй гэж залбиръя.
Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хоёр ч төсөл бий. Нэгийг нь Засгийн газраас өргөн барьсан. Нөгөөх нь харин сөрөг хүчний боловсруулсан төсөл юм. АН-ынхны төсөл төрийн оролцоог багасгах, зөвшөөрлийг цөөлөх, үйл ажиллагаа эрхлэх эдийн засгийн эрх чөлөөг хангах, өмчийн эрхийг хамгаалах агуулгатай. Ижил нэртэй төслүүд учраас хаврын чуулганаар эдгээрийг нэгтгэж хэлэлцэнэ. Ингэхдээ АН-ын агуулга давамгайлсан, хөрсөн дээр буусан зохицуулалт оруулна хэмээн иргэд хүлээж буй.
Мөн уг чуулганаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа өргөн барьсан Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өмчийн эрхийг хамгаалахаар заасан ч намынх нь нэг гишүүн арай өөр агуулгатай төсөл оруулж ирээд буй. Эдгээрийн агуулгыг хэрхэн нийцүүлэх юм бол.
УИХ-ын дарга Н.Учрал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барихаа мөн мэдэгдсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Цусны донорын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, батлуулахаар ажиллаж буй аж. Үүнд амь өрссөн үед ямар арга хэмжээ авч болох тухай тодруулж тусгасан байна. Донорын асуудлаас үүдэн нэгэн эмч ял авсан түүхийг давтахгүй байхын тулд ажлын хэсэг анхаарч буй юм билээ. Донор хүлээх гэдэг бол өвчтэй иргэд, тэдний гэр бүлийн хувьд маш чухал асуудал. Хоногоор биш, цагаар хэмжигдэх эрсдэл байдаг. Тэгэхээр алдааг зассан, дутууг нөхсөн төсөл оруулж ирвэл олон хүнд үр ашгаа өгөх учиртай.
Ямартай ч энэ мэтээр улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт хүлээлт үүсгэсэн төслүүдийг өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ. Улс төр нь давамгайлж, улс орноороо тоглочихгүй л бол хаврын чуулганаар хийх ажил их байна.
С.Туул