
Нийгмийн сүлжээний X платформ Туркийн шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож буй Истанбул хотын дарга Экрем Имамоглугийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын албан ёсны X хуудсыг Турк улсаас үзэх боломжийг хязгаарласнаа мэдэгдэв. Гэсэн ч тус компани уг шийдвэрийг шүүхээр давж заалдахаар болсон байна.
X-ээс нийтэлсэн шүүхийн шийдвэрийн хуулбарт дурдсанаар, Имамоглугийн ойролцоогоор 225 700 дагагчтай уг хаягийг үндэсний аюулгүй байдал болон нийтийн хэв журмыг хамгаалах зорилгоор Турк улсын нутаг дэвсгэрт хаахыг Истанбулын шүүх үүрэг болгожээ.
X компани Туркийн хууль тогтоомжийн дагуу энэхүү хязгаарлалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй боловч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Тиймээс уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар хууль зүйн ажиллагаа эхлүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы улс төрийн гол өрсөлдөгч болох Имамоглуг 2025 оны гуравдугаар сарын 19-нд цагдаа нар баривчилсан нь Туркт сүүлийн арав гаруй жилийн хамгийн өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн.
Тэрээр авлига, тагнуул, терроризмтой холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгагдан шүүх хурлаа хүлээн цагдан хоригдож байгаа ч бүх буруутгалыг эрс няцаасаар байгаа юм.
Имамоглуг баривчлагдсанаас хэдхэн хоногийн дараа Бүгд Найрамдах Ардын Нам дотоод сонгуулиараа түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээрээ тодруулсан.
Харин түүнийг баривчлагдахаас нэг өдрийн өмнө Истанбулын их сургууль түүний их сургуулийн дипломыг хүчингүй болгожээ.
Имамоглугийн бараг 10 сая дагагчтай үндсэн X хаягийг мөн 2025 оны тавдугаар сард ижил төстэй шүүхийн шийдвэрээр Турк улсад хаасан бөгөөд X компани тэр үед ч мөн уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандаж байв.
Тэрбумтан Илон Маскийн эзэмшилд орсноос хойш X платформ өөрийгөө үг хэлэх эрх чөлөөг хамгаалагч гэж тодорхойлох болсон. Гэвч тус компани үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг мөрддөг ч зарим шийдвэрийг шүүхээр эсэргүүцэх бодлого баримталдаг гэж мэдэгддэг билээ.