
АНУ-ын Шуудангийн албанд (USPS) 126 сая гаруй ам.долларын хохирол учруулсан гэх этгээдийг Пакистанд баривчилжээ. Хуурамч шуудангийн шошго худалдаалах цахим залилангийн хэрэгт сэжиглэгдсэн уг этгээдийг баривчилсан тухай тус улсын кибер гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага мэдээлэв.
Пакистаны Үндэсний кибер гэмт хэрэг мөрдөн шалгах агентлагийн ахлах албан тушаалтан Атиф Амирын мэдээлснээр 33 настай Фахим Акрамыг хэдэн долоо хоног үргэлжилсэн эрэн сурвалжлах ажиллагааны дараа баривчилсан байна.
Пунжаб мужийн зүүн хэсэгт орших Ханевал хотын оршин суугч Фахим Акрамд АНУ-ын Флорида мужийн Өмнөд дүүргийн холбооны тангарагтны шүүхээс яллах дүгнэлт үйлдсэн тухай АНУ-ын Прокурорын газар есдүгээр сарын 28-нд мэдээлсэн.
Прокуроруудын үзэж байгаагаар Акрам зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг Labels Bank нэртэй цахим платформ ажиллуулж, 5200 гаруй хэрэглэгчид 5.1 сая гаруй хуурамч шуудангийн шошго худалдсан байна.
Тэрээр илгээмжийн жин, хэмжээ, хүргэх хаягаас үл хамааран нэг шошгыг ихэвчлэн хоёр ам.доллароор борлуулдаг байжээ. Ингэснээр хэрэглэгчид албан ёсны шуудангийн тарифаас хамаагүй хямд үнээр илгээмж явуулах боломжтой болсон аж. Энэ нь АНУ-ын Шуудангийн албаны орлогыг бууруулж, тээвэрлэлтийн нэмэлт зардал үүсгэн, нийт 126 сая гаруй ам.долларын хохирол учруулсан гэж прокурорууд тооцжээ. Гэхдээ уг дүн нь цахим платформын борлуулалтын орлого бус, Шуудангийн албанд учирсан нийт хохирлын тооцоо юм.
Пакистаны мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр Акрам 2023 оны наймдугаар сараас 2026 оны есдүгээр сар хүртэл уг үйл ажиллагааг явуулж, өөрийн болон эхнэр, ах, эгч, авга эгчийнхээ нэр дээр бүртгэлтэй нийт 16 банкны данс ашиглаж байжээ.
Одоогоор Фахим Акрамыг Пакистанд шүүх үү, АНУ-д шилжүүлэн өгөх эсэх нь тодорхойгүй байна.