
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Флорида дахь Мар-а-Лаго эдлэнгийн хамгаалалтын бүсэд нэвтэрсэн зэвсэгтэй этгээдийг буудан хөнөөсөн талаар Нэгдсэн улсын нууц алба мэдээллээ.
Тус этгээд нь буу болон шатахуунтай сав авч явсан бөгөөд Нууц албаны агентууд болон шерифийн албан хаагч түүнийг зогсоох үед буудсан байна.
Хэрэг ням гаргийн өглөө, орон нутгийн цагаар 01:30 цагийн орчимд (06:30 GMT) гарсан бөгөөд тухайн үед ерөнхийлөгч Трамп Вашингтон хотод байсан гэж мэдээлжээ.
Сэжигтнийг Хойд Каролина мужийн Камерон хотоос гаралтай Остин Т. Мартин гэж тогтоосныг CBS News уламжилсан байна.
Гэмт этгээд Остин Т. МартинХойд Каролина дахь түүний гэр бүлийнхэн ням гаргийн үүрээр түүнийг сураггүй алга болсон гэж мэдэгдсэн талаар Мур тойргийн шерифийн алба мэдэгдэлдээ дурджээ. Сураггүй болсон талаарх мэдээллийг нь холбооны байгууллагуудад шилжүүлсэн байна.
Мөн тус шерифийн алба сэжигтэн Мартинтай холбоотой ямар нэгэн хэрэг бүртгэл байгаагүй бөгөөд Флоридад явагдаж буй мөрдөн шалгалтад оролцоогүй гэжээ.
CBS News-ийн мэдээлснээр нууц албаныхан Мартин Хойд Каролинаас Флорида хүртэл явах замдаа буу худалдан авсан эсэхийг шалгаж байна.
Нууц албаны хэвлэлийн төлөөлөгч Энтони Гульелми X сүлжээнд бичихдээ агентууд “өнөө өглөө Мар-а-Лаго дахь хамгаалалтын бүсэд хууль бусаар нэвтрэхийг оролдож байгааг” хармагцаа буудсан гэжээ.
Мэдэгдэлд дурдсанаар сэжигтэн “Мар-а-Лаго эдлэнгийн хойд хаалганы орчимд буу болон шатахуунтай сав барьсан байдалтай” ажиглагдсан байна. Палм-Бич тойргийн шериф Рик Брэдшоу хэлэхдээ, түүнийг зэвсгээ хаяхыг шаардсан ч үгэнд ороогүй тул буудсан гэв.
“Бидний хэлсэн ганц зүйл нь “юмсаа хая” гэсэн үг байсан. Энэ нь шатахууны сав болон бууг хэлж байгаа юм” гэж Брэдшоу хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн. “Тэр шатахууны савыг тавьсан ч буугаа галлах гэж буй мэт өргөсөн. Үүний дараа агентууд “аюул заналыг саармагжуулах” зорилгоор гал нээсэн гэж тэр хэлсэн байна.
Алба хаагчид биеийн камер зүүсэн байсан бөгөөд хууль сахиулагчдаас хэн ч бэртээгүй гэж нэмж мэдэгджээ. Сэжигтний буу цэнэгтэй байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ нь Холбооны Мөрдөх Товчооны оролцоотойгоор явагдах мөрдөн шалгалтын нэг хэсэг болно.
Нууц албаны захирал Шон Курран ням гараг (2026.02.22)-нд Флоридад очиж, хэргийн дараах ажиллагааг хянаж, онцгой нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах дотоод зохицуулалтыг сайжруулсан талаар тус байгууллага мэдээлжээ.
Мар-а-Лаго дахь хамгаалалт маш чанга байдаг бөгөөд гадна бүсийг Палм-Бичийн шерифүүд, дотоод бүсийг Нууц алба хамгаалдаг. Зочдыг нэг бүрчлэн шалгаж, автомашин, цүнхийг нохой болон металл илрүүлэгчээр шалгадаг байна. Доналд Трамп өмнө нь хэд хэдэн халдлагын оролдлогын бай болсон удаатай.
2024 оны долдугаар сард Пеннсилвани мужийн Батлер хотод болсон цуглааны үеэр Трамп чихэндээ буудуулж, нэг иргэн амиа алдан, хоёр хүн шархадсан. 20 настай буудагч Мэттью Крукс газар дээрээ хамгаалалтын албаныханд буудуулж амиа алдсан бөгөөд сэдэл нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Мөн хэдэн сарын дараа Вест-Палм-Бич дахь Трампын гольфын талбайн ойролцоо бутан дундаас винтов буу цухуйж байгааг Нууц албаны агент илрүүлсэн. Хожим нь Райан Рут хэмээн тогтоогдсон этгээд зугтсан ч баригдаж, 59 настай тэрээр ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан хэргээр бүх насаар нь хорих ял авсан.
Энэхүү хэрэг гарсны дараа Fox Business-т өгсөн ярилцлагадаа АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент улс төрийн хүчирхийллийг “хэвийн зүйл мэт болгож байна” хэмээн зүүний улс төрийн хүчнийг буруутгаж, 2024 оны хоёр халдлагын оролдлогыг дурдсан юм.
АНУ-д улс төрийн хүчирхийлэл сүүлийн жилүүдэд анхаарал татсан асуудал болж, Пеннсилвани мужийн захирагч Жош Шапирогийн ордныг шатаасан хэрэг, Миннесота мужид Ардчилсан намын хууль тогтоогч болон түүний нөхрийг буудан хөнөөсөн хэрэг, барууны үзэл баримтлалтай идэвхтэн Чарли Киркийг олон нийтийн газар буудсан хэрэг зэрэг өндөр дуулиант үйл явдлуудын дараа өргөн хэлэлцүүлэг өрнөөд байна.