
УИХ-ын нэгдсэн чуулганы танхимын хойморт гурван сэнтий бий. Үүний голд УИХ-ын дарга буюу хуралдаан зохион байгуулагч суудаг. Түүний баруун талд Ерөнхийлөгч, зүүнд нь Ерөнхий сайд суух зориулалттай юм. Уг нь Засгийн газрын тэргүүнийг парламент томилдог, ажлаа УИХ-д тайлагнадаг, түүнд хяналт тавьж, хариуцлага тооцдог. Гэтэл 1990 онд дээрх танхимыг парламентын хуралдаан хийхэд зориулан шинэчлэх үед Ерөнхий сайдыг ийнхүү дээш “залж” орхисон байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, Улсын бага хурлаа байгуулж байсан хэдий ч хуучин системийн шинж чуулганы танхимд нь шингэж үлдсэн аж. Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүдээ дээрээс харж суудаг ийм байдал хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эрх мэдэл холилдох, алдагдахад “үүрэг гүйцэтгэсэн” гэж үздэг. Өөрийгөө гүйцэтгэгч гэдгийг ойлгохгүй, дарга хэмээн эндүүрдэг болоод буй. Тиймээс ч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин эл алдааг засах төсөл өргөн барьсан. Түүнийг нь бүтэн жил “тоосонд даруулсны” эцэст өнгөрсөн сарын сүүлчээс сая нэг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан юм. Улмаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эл төслийг хэлэлцэхийг парламент дэмжив.
Энэ бол зөвхөн сандал, суудлын байрлалын тухай асуудал биш. Эрх мэдлийн хязгаарлалтын хил заагийг тогтоох явдал гэж санаачлагч гишүүн үзсэн юм. Тэрээр “Ерөнхий сайд УИХ-ын тархин дээр гарч суучихаад хуралдаан даргалагчийн байр сууринаас хандаж, гишүүдийг дээрээс харж, зандардаг болсон нь Үндсэн хуулийн дэг, журамд огт таарахгүй байна. Уг төслийг баталснаар парламентын ардчиллын гол амин сүнс болсон олонх, цөөнх тэдгээрийн байр суурь, эрх мэдлийн байршил, мэтгэлцээнийг зөв зохион байгуулалтад оруулах, УИХ-ын хяналтыг оновчтой болгох, Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах төсөл юм” хэмээжээ. Манай улс яг ийм загвар, танхимын зохион байгуулалттайгаар 36 жил явж, ес дэх парламентаа байгуулаад буй. Гэтэл жилийн өмнөөс л энэ тухай ярьж, сануулж эхэлсэн нь үнэндээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын авир, үйлдлээс улбаатай юм. Тэрээр чуулганы танхимд УИХ-ын гишүүнийг өөр хүний нэрээр дуудаж, даапаалсан удаатай. УИХ-ын гишүүн Засгийн газрын тэргүүнээс асууж, тодруулах, шаардлагатай гэж үзвэл түүнд хариуцлага тооцох асуудал оруулах бүрэн эрхтэй юм. Гэвч “индэр” дээрх суудлаасаа гүйцэтгэгч албан тушаалтан хууль тогтоогчдыг басамжлаад суудаг болсон нь л сөрөг хүчнийхнийг хөдлөхөд хүргэсэн аж.
Эрэмбэ дараалал алдагдуулж, Ерөнхий сайд өөрийгөө “бүх юмны дарга” гэж эндүүрэхэд хүргэсэн эл алдааг засах хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг эрх баригчид хүсэхгүй удсан юм. Сөрөг хүчнийхэн хуулийн төслийг нь хэлэлцэхийг шаардсаар байсан. Энэ талаар Х.Тэмүүжин гишүүн “УИХ-ын дарга гэдэг хүн намчирхдаг, эрх баригч намын талын дуу хоолой, байр суурийг хамгаалагч өнгөтэй байгаа учраас эл төслийг хэлэлцэхгүй байгаа юм. Тэд үеийн үед шалтаг хэлсээр ирсэн. Л.Оюун-Эрдэнийн үед “Манай Ерөнхий сайд эмзэглээд байна, хамтарсан Засгийн газар байгуулчхаад, нөгөө намынхаа даргыг гоочлоод байх нь таагүй” гэсэн шалтаг хэлсэн. Дараа нь Г.Занданшатарын үед манай Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш учраас суудлыг нь буулгачихвал чуулганы үүд рүү оччих гээд байна аа гэсэн” хэмээжээ. МАН-ынхан гурав дахь Засгийн газар, мөн тийм тооны УИХ-ын даргыг сольсны дараа сая нэг энэхүү төслийг парламентаар хэлэлцүүлж буй.
Төслийн 15.4-д “Нэгдсэн хуралдааны танхимын суудал, түүний хуваарь нь УИХ-ын бүрэлдэхүүнд зориулсан байх бөгөөд танхимын хоймор хэсэгт зөвхөн хуралдаан даргалагч, зохион байгуулагчид зориулсан суудлыг тусгайлан байрлуулна. Үндсэн хуулийн 33.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор танхимын зохих хэсэгт Ерөнхийлөгчид зориулсан тусгайлсан суудал байрлуулж болно” гэжээ. УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй Ерөнхий сайд бусадтайгаа зэрэгцээд сууна. Харин Г.Занданшатар шиг парламентын гишүүн бус Ерөнхий сайдтай болбол түүнийг тусад нь, ажлын хэсгийнхэнтэй суулгахаар зохицуулжээ. Саад бэрхшээлийг давсны эцэст уг төслийг хэлэлцэхийг УИХ дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд буй.
Тэгвэл ардчилсан тогтолцоотой дэлхийн бусад оронд Ерөнхий сайд нь хаана суудаг вэ. Их Британийн парламентын тогтолцооноос үүсэлтэй төрийн байгуулалтын хэлбэр болох Вестминстерийн загварыг хэрэгжүүлдэг улс орнуудад парламентын чуулганы танхимдаа Засгийн газрын тал хэмээх тусгай хэсэгтэй байдаг аж. Англи, Шотланд, Канад, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Энэтхэг улс эл загварыг мөрддөг юм байна. Эдгээр орны парламентын танхим нь манайх шиг дугуй хэлбэртэй биш. Тэд эрх баригч болон сөрөг хүчнээрээ хоёр хуваагдаж, өөд өөдөөсөө харж суудаг аж. Эрх баригчдын талын урд хэсэгт Засгийн газрын гишүүд сууна. Ерөнхий сайд нь хамгийн урд нь суудаг юм байна. Түүнд зориулж тусгайлан индэр засдаггүй, парламентын гишүүдтэйгээ яг л нэг түвшинд зэрэгцдэг. Засгийн газрын эсрэг талд сөрөг хүчнийхэн нүүр тулж суудгаараа уг загвар онцлог. Эрх мэдлийн тэнцлийг харуулсан, хангасан гэж үздэг аж. Харин БНСУ, БНХАУ зэрэг Азийн оронд парламентын танхимынх нь зохион байгуулалт харьцангуй өөр. Манайхтай төстэй буюу хагас дугуй хэлбэртэй юм байна. Гэхдээ Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд нь спикерийн өөдөөс харсан эхний эгнээнд суудаг. Барууны орнуудаас ялгаатай нь сөрөг хүчинтэйгээ нүүр тулахгүй байх нь.
Тэгэхээр чуулганы танхим нь манайхтай “хань татах” зохион байгуулалттай улсыг ардчилсан тогтолцоотой орнуудын жагсаалтаас бол олохгүй нь. Харин социалист орнуудад л ийм дүр зураг байдаг. Манай урд хөрш БНХАУ бол социалист орон. Тус улсын Ардын их хурлын танхимд том “тайз” зассан, тэнд удирдагчид нь суудаг. Вьетнам, Лаост ч ижил. Тэгэхээр ардчилсан Монгол орны парламентын ордны зохион байгуулалт социалист системдээ гацсан гэсэн үг.
Х.Тэмүүжин гишүүний санаачилга бодит ажил болж, Ерөнхий сайдын суудлыг доош буулгаж, парламентын түвшинд авчирснаар эрх мэдлийн алдагдсан тэнцэл шууд буурах уу гэсэн асуулт гарна. Бүх зүйл өргөс авсан мэт засагдахгүй ч улстөрчдийн эгог тэжээдэг, гажуудал үүсгэдэг, социализм “үнэртүүлсэн” зохион байгуулалт, загвараас салснаар тодорхой хэмжээнд эерэг өөрчлөлт гарах нь дамжиггүй билээ. Гэхдээ эрх мэдлийн тэнцлийг зөвхөн суудлын зохион байгуулалтаас гадна хууль, эрх зүйгээр зохицуулах шаардлага бий. 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг эрс нэмсэн. Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өөрөө баталж, сайд нараа томилж, бас огцруулдаг болсон. Мөн Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх босгыг өндөрсгөсөн. Түүнд хариуцлага тооцохын тулд эхлээд нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүйн буюу 32 хүний саналаар огцруулах асуудал оруулж, улмаар нийт гишүүний олонх буюу 64-өөс дээш нь дэмжиж байж шийддэг болгосон юм. Гэвч энэ нь ажлаа сайн хийж чаддаггүй Ерөнхий сайдыг огцруулж, хариуцлага тооцоход амаргүй болгосон сул талтай. Алдагдсан эрх мэдлийг тэнцүүлэх аялал юутай ч суудлын зохион байгуулалтыг цэгцлэхээс эхэлж байна. Засгийн газрын тэргүүн УИХ-ын гишүүдийнхээ дээд талд биш, дэргэд суудаг болох цаг айсуй.
С.Туул