
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хууль бус хар тамхины наймаатай тэмцэж байгаагаа бодитоор нотолж чадаагүй улс орнуудын жагсаалтаас Венесуэлийг хасахаар шийдвэрлэжээ. Ингэснээр тус улс 20 гаруй жилийн хугацаанд анх удаа уг жагсаалтаас хасагдаж байгаа юм.
“Венесуэлийн хувьд манай засаг захиргаа хууль ёсны бус дарангуйлагч, хар тамхины наймаачин асан Николас Мадурог баривчилж, зайлуулсны үр дүнд картелуудын эсрэг тус улсын түр засгийн газартай хамтын ажиллагаа нэмэгдэж, үр дүн нь хэдийнэ харагдаж эхэллээ” гэж Трамп мягмар гарагт АНУ-ын Конгресст хүргүүлж, лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Вашингтон зүүний үзэлтэй Мадурог нэгдүгээр сард баривчлан АНУ-д авчирч хар тамхины наймаатай холбоотой хэргээр Нью-Йорк хотын холбооны шүүхэд шүүн хэлэлцэж байгаа билээ. Үүний зэрэгцээ Вашингтон Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригестэй хамтран ажиллаж, газрын тосны арвин нөөцтэй тус улсын баялагт АНУ-ын газрын тосны компаниуд нэвтрэх боломжийг бүрдүүлэх гэрээнүүдийг байгуулжээ.
АНУ-ын хуулийн дагуу Ерөнхийлөгч бусад улс орнууд хар тамхи үйлдвэрлэх, хууль бусаар тээвэрлэхтэй тэмцэхэд хэр хүчин чармайлт гаргаж байгааг жил бүр хууль тогтоогчдод мэдээлэх үүрэгтэй.
Трампын саяхны тайланд Афганистан, Боливи, Бирм болон Колумби улсыг хар тамхины эсрэг тэмцэлд “хангалтгүй үр дүн үзүүлсэн” гэж тодорхойлсон бол Мексик, Канад, Бразил, Никарагуа улсуудыг мөн шүүмжилжээ.
Трамп Боливи, Колумбийн өмнөх зүүний чиг баримжаатай засгийн газруудаас ялгаатай, консерватив шинэ удирдагчдыг сонгосныг сайшааж, тэд кока ургамлыг устгах болон “хар тамхины террорист” бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлнэ гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Гэхдээ одоогоор эдгээр хоёр улсын жагсаалтад орсон статусыг хэвээр үлдээнэ гэжээ.
“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Өмнөд Америкт гарсан улс төрийн эрс өөрчлөлтүүд нь тус бүс нутгийн засгийн газруудтай АНУ хамтран ажиллах түүхэн боломжуудыг бий болголоо” гэж Трампын мэдэгдэлд дурджээ. Энэ нь бүс нутагт Вашингтоныг шүүмжилдэг зүүний чиг баримжаатай удирдагчдыг барууны чиглэлийн удирдагчид олноороо сольсонтой холбоотой юм.
Боливи, Эквадор, Эль-Сальвадор, Гондурас, Панам, Перу, Венесуэль болон Колумби улс одоо Трамптай байр суурь нь нийцдэг удирдагчидтай орнуудын тоонд багтаж байна.
Мөн эдгээрийн олонх нь хар тамхины хууль бус наймаа болон бүс нутаг дахь бусад гэмт хэргийн үйл ажиллагаатай тэмцэх зорилготой гэж гишүүн орнууд нь мэдэгддэг, АНУ тэргүүлдэг бүс нутгийн цэргийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны “Америк тивийн бамбай” хөтөлбөрт нэгдээд буй.
Мягмар гарагт Трампын засаг захиргаа гадаадын цэргийн санхүүжилтийн 52 сая ам.долларыг Европ болон Ойрхи Дорнод дахь түншүүдээс татан авч, Латин Америк руу шилжүүлэхээр болсноо мөн зарлажээ.