
“Айчи-Нагояа 2026” Азийн зуны спортын XX наадам эхлэхэд 19 хоног үлдлээ. Одоогийн байдлаар Монголын баг спортын 31 төрөлд нийт 303 тамирчин оролцуулахаар мэдүүлгээ Азийн наадмын Зохион байгуулах хороонд хүргүүлээд байна.
Өнөөдөр Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа СОР17-гийн хурлын танхимд боллоо. Үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “Айчи-Нагояа 2026”Азийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын багийн дэд ахлагч УИХ-гишүүн Х.Булгантуяа болон МҮОХ-ны гишүүд, хүндэт зочид тамирчид, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцов.
Энэ удаагийн наадамд Монголын багийн дэд ахлагчаар мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж ажиллахаар томилогдсон. Мөн наадмын нээлтийн тугчаар дээд лигийн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар сонгогдлоо.
“Айчи–Нагояа 2026” наадамд Монгол Улсаас 31 төрөлд нийт 303 тамирчин өрсөлдөнө. Энэ удаагийн наадамд багийн төрлөөр волейболын эмэгтэй баг, 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй болон 5х5 эмэгтэй баг оролцох юм. Манай баг тамирчид жүдо бөх, чөлөөт бөх, бокс, буудлага, байт харваа, хөнгөн атлетик зэрэг гол төрлүүдэд анхаарал хандуулж байна.
Монголын баг өмнөх “Ханжоу 2022” Азийн наадамд спортын 34 төрөлд 400 гаруй тамирчин оролцож багийн дүнгээр 22 дугаар байрт орж байв. Энэ наадмаас чөлөөт бөх, жүдо бөх, бокс, байт харваа, буудлага зэрэг төрлүүдээс 2 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл өмнөх амжилтаа ахиулах зорилготойгоор манай тамирчид бэлтгэлээ бүрэн хангаж, Японыг зориход бэлэн болжээ.
Азийн олимпын зөвлөлөөс “Айчи–Нагояа 2026” Азийн зуны спортын XX наадмыг ирэх есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулна.