
Умард Солонгос энэ долоо хоногт хийсэн зэвсгийн туршилтууддаа кластер бөмбөгийн цэнэгт хошуутай баллистик пуужин ашигласан гэж мэдэгдлээ. Тус улсын төрийн мэдээллийн агентлаг KCNA-ийн мэдээлснээр туршилтууд Даваа гарагаас эхлэн гурван өдөр үргэлжилж, олон төрлийн шинэ зэвсгийн системийг хамарсан байна.
Эдгээрт:
Ялангуяа цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай Хвасон-11 богино зайн баллистик пуужинд кластер цэнэг суурилуулсан туршилт хийсэн гэж дурдсан байна. Уг пуужин нь Оросын “Искандер” загвартай төстэй, нам өндрөөр маневрлан нисэж, пуужингийн довтолгооноос хамгаалах системийг тойрох чадвартай гэж тайлбарлажээ.
KCNA-гийн мэдээлснээр, ийм төрлийн цэнэгт хошуутай пуужин нь 6.5–7 гектар талбайг “өндөр нягтралтай хүчээр устгах” чадвартай гэж онцолсон байна.
Үүний өмнөх өдөр Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штаб Умард Солонгос зүүн эргийн бүсээс хэд хэдэн пуужин харвасныг илрүүлсэн гэж мэдэгдсэн. Эдгээр пуужин 240–700 км зайд нисэж, далайд унасан байна. Мөн мягмар гарагт Пёньяны ойролцоо бүсээс дор хаяж нэг пуужин хөөргөснийг илрүүлжээ.
Эдгээр туршилтууд нь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж, харилцаа сайжрах боломжийг бууруулж байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 2019 онд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн цөмийн хэлэлцээ нуран унаснаас хойш Сөүл болон Вашингтонтой харилцаагаа бараг бүрэн зогсоож, цөмийн чадамжтай пуужингийн хөгжүүлэлтээ эрчимжүүлээд байгаа юм.
Үүний зэрэгцээ Умард Солонгос олон улсын харилцаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И тус улсад айлчлахаар төлөвлөж байгаа нь хоёр орны дипломат харилцаа идэвхжиж буйг илтгэнэ.