
БНСУ-ийн Хууль зүйн BTS хамтлагийн гишүүн Жон Күүк болон Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдийг онилсон хакерын схемийг удирдсан Хятад иргэнийг Тайландаас шилжүүлэн авчирсан гэж мэдэгдлээ.
40 настай сэжигтэн мягмар гарагт Инчоны Олон улсын нисэх буудалд Бангкокоос ирсэн байна. Түүнийг 38 тэрбум вон буюу 25.4 сая ам.долларын хөрөнгө хулгайлсан хэрэгт шалгаж байгаа аж.
Цагдаагийн байгууллага байцаалт болон нотлох баримтын шинжилгээний дараа түүнийг албан ёсоор баривчлах зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байна.
Сэжигтэн нь 2023 оны наймдугаар сараас 2025 оны дөрөвдүгээр сар хүртэл төрийн болон олон нийтийн байгууллагын вэбсайтуудыг хакердан хохирогчдын хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, банкны данснаас нь мөнгө гаргаж авсан гэмт бүлэглэлийн нэг хэсэг гэж үзэж байна.
Жон Күүк энэ схемийн бай болсон ч түүний агентлаг BigHit Music алдагдал гарахаас сэргийлэхийн тулд шуурхай арга хэмжээ авсан гэдэг.
Гэмт бүлэглэл 2024 оны нэгдүгээр сард Жон Күүкийн нэр дээр зөвшөөрөлгүй үнэт цаасны данс нээж, BTS-ийн ар дахь компани болох HYBE-ийн 8.4 тэрбум воны хувьцааг хулгайлахыг оролдсон гэж үзэж байгаа аж.
Энэ хэрэгтэй холбоотой өөр нэг 36 настай Хятад иргэнийг өнгөрсөн оны наймдугаар сард мөн Тайландаас шилжүүлэн авчирсан бөгөөд тэрээр одоогоор цагдан хоригдсон байдалтай шүүх хуралдаа оролцож байна.