
АНУ Ираны худалдааны түншүүдийг онилсон эдийн засгийн шинэ хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээр бэлтгэж буй энэ үед Техраны эсрэг “урьд өмнө хэзээ ч дайчлан хэрэгжүүлж байгаагүй хамгийн том санхүүгийн довтолгоо” явуулна гэж сүрдүүллээ.
Харин Иран “эдийн засгийн дайн үргэлжилбэл” Персийн булангаас газрын тос экспортлох бүх үйл ажиллагааг зогсооно хэмээн хариу мэдэгдэв.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент даваа гарагийн АНУ-ын зүүн бүсийн цагаар 13:00 цагт (Гринвичийн цагаар 17:00) хэвлэлийн бага хурал хийж 1979 оны Исламын хувьсгалаас хойш бараг тасралтгүй эдийн засгийн хоригт өртөж ирсэн Ираны эсрэг бүр ч хатуу арга хэмжээ зарлахаа амлаад байна.
Бессент ням гарагт Financial Times сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Үүр цаймагц эдийн засгийн D-Day эхэлнэ. Энэ нь дайсны эсрэг урьд өмнө хэзээ ч дайчлан хэрэгжүүлж байгаагүй хамгийн том санхүүгийн довтолгоо байх болно” гэжээ.
Дайтаж буй хоёр улс хэдэн долоо хоногийн турш бие бие рүүгээ цэргийн цохилт хийгээгүй ч зургаан сар үргэлжилж буй мөргөлдөөнийг эцэслэх дорвитой хэлэлцээ мөн хийгээгүй.
АНУ болон Израил хоёрдугаар сарын 28-наас эхлэн цохилт өгч эхэлснээс хойш олон мянган хүн амиа алдсны дийлэнх нь Иран болон Ливанд амь үрэгджээ. Эдгээр цохилтоор Ираны уламжлалт зэвсэгт хүчний чадавхын ихээхэн хэсгийг сулруулж, эдийн засагт нь хохирол учруулсан төдийгүй Ираны Дээд удирдагч аятолла Али Хаменеи амиа алдсан.
Гэсэн ч Иран Персийн булан дахь хөрш орнууд руу довтлох, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны танкеруудад заналхийлэх хангалттай хэмжээний пуужин, дроны хүчин чадлаа хадгалж үлдсэн гэж мэдээлжээ. Үүний улмаас дэлхийн эрчим хүчний гол тээврийн замуудын нэг болох Ормузын хоолой дахь усан тээвэр бараг зогсонги байдалд орж, дэлхийн шатахууны үнэд дарамт учруулж байна.
АНУ болон Израил устгах зорилготой Ираны цөмийн хөтөлбөрийн бодит нөхцөл байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Бессент тодорхой арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч Ираны эдийн засаг болон санхүүгийн системтэй харилцаж, Техраныг “аргадах бодлого” баримталж буй гэж үзсэн улс орнуудыг онилно гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр Financial Times-д “Түүнийг үргэлжлүүлэн дэмжих нь ямар үр дагавартайг тэд сайтар бодолцох нь зүйтэй” гэж бичсэн байна.
Иран хэд хоногийн турш шинэ хориг арга хэмжээнд бэлтгэж, цэргийн томоохон хариу арга хэмжээ авч болзошгүйг илтгэсэн хатуу мэдэгдлүүдийг дараалан гаргасаар иржээ.
Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи ням гарагт эдийн засгийн хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлэв.
Тэрбээр олон нийтийн сүлжээнд “Хэрэв эдийн засгийн дайн үргэлжилбэл Ормузын хоолойгоор ч, Персийн булангийн хаанаас ч нэг ч дусал газрын тос экспортлохгүй. Америкийн Ираны ард түмний эсрэг явуулж буй эдийн засгийн дайнд оролцсон, эсвэл дэмжлэг үзүүлсэн аливаа улсын үйлдлийг Иран дайны үйлдэл гэж үзнэ” хэмээн бичжээ.
Бессент өмнө нь Хятадыг АНУ-тай хамтран ажиллахыг уриалж, Хятад улс түүхэндээ газрын тосны импортынхоо тал орчим хувийг Персийн булангийн бүс нутгаас авдаг байсан гэдгийг онцолж байв.
Харин Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч “хориг арга хэмжээ болон дарамт шахалт асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй” хэмээн мэдэгдэж, дипломат арга замыг уриалжээ.
АНУ болон Израилын цохилтоор Ираны дэд бүтцийн зарим хэсэг сүйдэхээс өмнө ч тус улсын эдийн засаг олон улсын хориг арга хэмжээний улмаас аль хэдийн дарамтад орсон.
Техран гаднаа эсэргүүцсэн байр сууриа хадгалж байгаа боловч Ираны албан тушаалтнууд эдийн засгийн нэмэлт шийтгэл нь иргэдийн амьдралын хүндрэл бэрхшээлийг нэмэгдүүлж, дахин эмх замбараагүй байдал үүсгэж, Исламын Бүгд Найрамдах Улсын хууль ёсны байдлыг улам сулруулж болзошгүйг анхааруулжээ.
Иран дайн эхлэх үедээ өндөр инфляц, үндэсний мөнгөн тэмдэгт нь суларч, эрчим хүчний хомсдол, олон улсын хориг болон бүтцийн сул талуудтай тулгарч байсан юм. Харин одоо үүн дээр эвдэрч сүйдсэн дэд бүтэц, тасалдсан худалдаа, үйлдвэрлэлийн алдагдал, сэргээн босголтын зардал нэмэгдээд байна.
АНУ, Ираны албан ёсны нүүр тулсан хэлэлцээ хамгийн сүүлд зургадугаар сард Швейцарт болсон бөгөөд түүнээс хойш ийм уулзалт хийгдээгүй. Энэ хооронд Катар, Пакистан, Турк зэрэг орон дипломат яриа хэлэлцээг ахиулахыг оролдож байна.
Иран Пакистаны армийн штабын дарга Асим Мунир даваа гарагт Техранд айлчилж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сэргээх хүчин чармайлтын хүрээнд хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Пакистан энэ мөргөлдөөнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Пакистаны засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр Мунир айлчлалынхаа үеэр АНУ-ын шинэ хориг арга хэмжээ авах сүрдүүлэг зэрэг сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх ажээ.
Дайны үеэр АНУ, Израилын Иранд өгсөн цохилт болон Израилын Ливанд хийсэн довтолгооны улмаас олон мянган хүн амиа алдаж, сая сая хүн дүрвэн шилжихэд хүрсэн байна. АНУ-ын мэдээлснээр тус улсын 18 цэргийн алба хаагч амь үрэгдэж, 750 гаруй хүн шархаджээ.