
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10:00 цагаас ээлжит хурлаа хийнэ. Намын бүлгүүд хурлаараа тухайн долоо хоногт парламентаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцдэг.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр даргаа шинээр сонгохоор төлөвлөжээ. 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл бүлгийн даргаар сонгогдон ажиллаж эхэлсэн. Тэрээр 2025 оны есдүгээр сарын 1-нд АН-ын даргаар сонгогдсоноос хойш "УИХ дахь бүлгийн даргын албан тушаалаа хэзээ хүлээлгэн өгөх вэ" гэсэн асуулт дагасан юм. Тухайн үед АН-ын дарга О.Цогтгэрэл "Улсын дээд шүүх намын даргаар батламжилсны дараа бүлгийн даргын ажлаа өгнө" хэмээн мэдэгдэж байсан юм. Улсын дээд шүүх намын даргаар батламжилсан ч бүлгийн даргын ажлаа өгөлгүй өнөөг хүрсэн.
О.Цогтгэрэл сар гаруйн өмнө "АН-ын дотоод сонгуультай холбоотой ажил дууссаны дараа УИХ дахь бүлгийн даргын ажлаа өгнө. Шинээр бүрдсэн ҮБХ хурлаа хийж ерөнхий нарийн бичгийн даргаа батламжилсны дараа АН системийн хувьд бүтнээр ажиллах боломжтой болно. Тухайн үед УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өгнө гэж бодож байгаа" гэсэн юм. АН генсекээ албан ёсоор сонгож баталгаажуулаагүй ч О.Цогтгэрэл бүлгийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Бүлгийн гишүүд нь ч түүнд шахалт үзүүлж эхэлсэн юм.
УИХ дахь АН-ын бүлгийн даргад Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Б.Түвшин, Ц.Туваан нарын нэр яригдаж байгаа.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр АН-ын бүлгийн даргаар хэнийг сонгох нь ёстой талаар хэлэхдээ "МАН-ын цаад удирдлага нь Ерөнхийлөгч. Тиймээс Ерөнхийлөгчөөс айж, ичихгүйгээр МАН-тай тулж чадах хүн АН-ын бүлгийн дарга болох ёстой" гэсэн юм.