
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд 14 нас хүрсэн хүүхдээр хаврын уралдаанд хурдан морь унуулахыг зөвшөөрөхөөр тусгажээ. Хүүхэд 14 нас хүрлээ гээд хаврын хүйтэнд мориноос унаж бэртэх эрсдэл арилахгүй. Тиймээс энэ төслийг хэлэлцэхийг дэмжихгүй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.2-т төр аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд тавих зарчмыг заасан. УИХ ч энэ зарчмыг баримталж, хамгийн түрүүнд морь унах хүүхдийн амь нас, эрүүл мэндийг бодох ёстой.
Энэ асуудлаар Улсын дээд шүүхийн шийдвэр ч бий. Иргэний нийгмийн байгууллагуудын нэхэмжлэлээр гурван шатны шүүхээр хэлэлцсэн энэ хэрэгт 2017 оны хаврын “Дүнжингарав” болон бүсийн бусад уралдааныг товлосон Засгийн газрын тогтоолын холбогдох заалт хууль бус байсныг тогтоосон. Хүний эрхийн Үндэсний Комисс ч хаврын уралдаан хүүхдэд ямар эрсдэл дагуулдгийг судалж, анхааруулж ирсэн.
Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахыг хориглодог. Одоо 14–17 настай хүүхдүүдийн хувьд энэ хамгаалалтыг сулруулах гэж байна. Томчууд хавар морь уралдуулах хүсэлтэй байлаа гээд эрсдэлийг нь хүүхэд үүрэх ёсгүй.
Монголчуудын өв соёл тийм амархан алга болчихдог хэврэг зүйл биш гэдгийг бидний 2000 жилийн түүх харуулдаг биз дээ? Хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахаа больсноор монгол наадам, морь уях эрдэм ухаан устчихгүй. Өв соёлоо хамгаална гэсэн нэрээр хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахыг өнөөдөр ч, цаашид ч дэмжихгүй