
Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн эхээр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул голын хөндийгөөр агаарын температур +21...+27 градус, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+41 градус хүрч халсан байна.
Харин долоодугаар сарын 25-наас баруун аймгуудын нутгаар бороо орж, сэрүүсжээ. Энэ үеэр Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр +16...+21 градус, бусад нутгаар +22...+29 градус дулаан байв.
Мөн говийн бүс нутаг болон Хэрлэн голын хөндийгөөр +37...+43 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +30...+36 градус хүрч халжээ.
