
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д айлчлахаар хүрэлцэн ирсэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ.
Хоёр улсыг холбосон шинэ гүүр албан ёсоор нээгдсэнээс хойш долоо хоногийн дараа энэхүү айлчлал болж байна.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, өнөө өглөө Ким Жон Уны тусгай галт тэрэг Ялу голын гүүрээр дамжин Хятадын хилийн Даньдун хотод ирсэн байна.
Хятад улс бол Умард Солонгосын худалдааны гол түнш. Тусгаарлагдсан тус улсын хувьд БНХАУ нь дипломат, эдийн засаг, улс төрийн дэмжлэгийн чухал эх үүсвэр боловч сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд дорвитой ахиц гараагүй. Харин 12 жилийн турш царцсан Ялу голын гүүрийг ашиглалтад оруулснаар худалдаа болон иргэд хоорондын харилцааг хөнгөвчилнө гэж үзэж байна.
Дөрвөн эгнээтэй уг байгууламж 2014 онд баригдаж дууссан хэдий ч Хойд Солонгосын талаас зам, гаалийн байгууламжаа холбосонгүйн улмаас нээлт нь өдийг хүртэл хойшилж байжээ.
Ким Жон Ун хамгийн сүүлд 2025 оны есдүгээр сард Бээжин хотноо ялалтын баярын 80 жилийн ойд оролцох үеэр Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн. Харин Ши Жиньпин уг айлчлалаас өмнө буюу мөн оны зургаадугаар сард харилцаа сайжирч байгаагийн илрэл болгон Хойд Солонгост төрийн айлчлал хийсэн аж.