
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр үндэсний шигшээ багийнх нь эсрэг чиглэсэн ажиллагааг АНУ-ын Ардчилсан нам болон Бразил, Мексикийн засгийн газрууд санхүүжүүлсэн гэж мэдэгдлээ.
Шигшээ тоглолтод Испанийн багт хожигдон мөнгөн медаль дээр буусан Аргентины баг болон хөгжөөн дэмжигчдийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасан, мөн Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо Лионель Мессигийн багт давуу байдал олгож байна гэх шуугиан тэмцээний турш олон нийтийн сүлжээнд хүчтэй өрнөсөн юм.
Либертари үзэлт Х.Милей ням гарагт орон нутгийн радиод өгсөн ярилцлагадаа "Энэ бол эрх чөлөөний үзэл санааг амжилтад хүрээсэй гэж хүсэхгүй байгаа зүүний үзэлтнүүдийн хийсэн ажил. Уг ажиллагааны дийлэнх санхүүжилтийг Бразилын Ерөнхийлөгч Лула де Силвагийн Засгийн газар гаргасан" хэмээн ярьжээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр АНУ-ын нэрт жүжигчин Сэмюэл Л.Жексон зэрэг олны танил эрхмүүд Аргентины хөгжөөн дэмжигчдийн гаргасан арьсны өнгөөр ялгаварлах үйлдлийг шүүмжилж, харин Эмнести Интернэшнл зэрэг хүний эрхийн байгууллагууд Аргентинд арьсны өнгөөр ялгаварлах асуудал байгааг хүлээн зөвшөөрч байв. Милей үүнийг сөрөг хүчнийхэн болон woke хөдөлгөөнийхний зохион байгуулсан улс төрийн явуулга гэж тайлбарлаж байна.
Аргентины улс төрийн шинжээчдийн үзэж байгаагаар, инфляц тодорхой хэмжээнд тогтворжсон ч ажилгүйдэл нэмэгдэж, авлигын дуулиан дэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Милейн нэр хүнд хамгийн доод түвшиндээ хүртэл буураад байгаа тул иргэдийн анхаарлыг дотоодын асуудлаас гадаад дайсан руу хандуулахын тулд энэхүү мэдэгдлийг хийсэн бололтой. Түүнчлэн судлаачид цахим орчинд Аргентины эсрэг сөрөг уур амьсгал их байсныг баталж байгаа ч үүнийг гадаад орны Засгийн газрууд зохион байгуулалттайгаар санхүүжүүлсэн гэх баримт одоогоор байхгүйг онцолжээ.