
Өвлийн Олимпын наадмын нээлтийн үеэр Олимпын таван цагариг бүхий далбааг залах тамирчдын нэрс тодорлоо.
Олимпын хошой аварга, Кенийн марафонч Элиуд Кипчоге, спортын гимнастикийн Олимпын хошой аварга, Бразилын тамирчин Ребека Андраде, 1968 оны өвлийн Олимпын аварга, Италийн цаначин Франко Нонес, Тонга улсын тамирчин, цаначин Пита Тауфатофуа, дүрвэгсдийн Олимпын багийн анхны медалийг хүртсэн Камеруны боксчин Синди Нгамба, Олимпын хошой мөнгөн медальт, Италийн тэшүүрчин Мартина Вальчепина нар олимпын таван цагариг бүхий далбааг зална гэдгийг зохион байгуулах хороо нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдлээ.
Олимпын далбааг Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд мандуулах үеэр 8 туг баригч, Кортина- д'Ампеццо хотод мандуулах үеэр 2 туг баригч нээлтийн ёслолд оролцох аж.
Өвлийн Олимпын наадам Италийн Милан, Кортина-д'Ампеццо хотуудад хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд явагдана. Энэ Олимпод ОХУ-ын 13 тамирчин бие даасан статустайгаар оролцоно.