
Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулж буй “Айчи-Нагоя” зуны спортын ХХ наадмын үндсэн төрлүүд маргааш өндөрлөнө. Харин наадмын хаалтын ажиллагаа ням гарагт болсноор шар тивийн олимп хөшгөө хаах юм.
Наадмын сүүлийн өдрүүдэд бөхийн төрлийн тэмцээн болж, Монгол Улсын багийн амжилт урагшилж байна. Монголчуудын найдвар болсон чөлөөт, жүдо бөх болон жюү жицүгийн тэмцээн болж медальтнууд тодорч эхэллээ. Манай багийн алт, мөнгө, хүрэл медалийн тоо нэмэгдэж, эхний 20 байрт орох бүрэн боломжтойг харуулж байна.
Өнөөдөр, маргааш жүдо, чөлөөт бөхийн тэмцээн уралдаан үргэлжлэн явагдана.
Монголын жюү жицүгийн баг тамирчдын гол өрсөлдөөн эхэллээ
Наадмын жюү жицүгийн төрөлд Монгол Улсын 16 тамирчин оролцож байна. “Ханжоу 2022” Азийн наадамд нэг хүрэл медаль хүртэж амжилтын буухиагаа эхлүүлж байсан жюү жицүгийн баг тамирчид энэ удаагийн наадамд өргөн бүрэлдэхүүнтэй хүчээ үзэж буй. Өчигдөр барилдсан бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Живамэдмаань, эрэгтэйчүүдийн 62 кг-д Ө.Эрдэнэбаатар нар хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. Тэд шөвгийн наймд шалгарсан ч медалийн төлөө барилдах эрх авч чадсангүй.
Жюү жицүгийн төрөлд АНЭУ-ын баг гурван алтан медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Казахстан, Саудын Араб, БНСУ, Тайландын багууд медаль хүртсэн орны тоонд багтлаа. Гэхдээ манай тамирчдын хувьд медалийн төлөө өрсөлдөх бүрэн боломж бий. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй жин бүрт манай тамирчид бий. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-д Г.Монголжин, А.Цагаанбилэг нар барилдах бол эрчүүдээс 77 кг-д М.Даваадорж, 94 кг-д Б.Ариунцог нарын шилдэг тамирчид өрсөлдөнө.
Таеквондогийн пүмсэ төрөлд оролцсон Л.Бадам 7-р байр эзэллээ
Азийн наадмын таеквондогийн Пүмсэ төрлийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсанд Л.Бадам оролцлоо. Тэрээр энэ төрөлд эх орноо ганцаараа төлөөлөн өрсөлдөж байгаа. Л.Бадам Азийн наадмын дэвжээний эхний өдөр болсон чөлөөт пүмсэгээ амжилттай гүйцэтгэсэн ч 16 тамирчнаас 7-р байр эзэллээ. Түүний хувьд тэмцээн дуусаагүй юм.
Таеквондогийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 49, 67, эрэгтэйчүүдийн 58, 80 кг-ын жингээр үргэлжилнэ. Манай улсаас Б.Учрал, Ё.Пүрэвдаш нарын зэрэг шилдэг тамирчид өрсөлдөнө.

И-Спортынхон медалиа гардан авлаа
Азийн наадмын MLBB төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн шигшээ багийн тамирчид өчигдөр Нагоя хотод болсон медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Манай шигшээ баг зургаадугаар сард Сингапурт зохион байгуулагдсан бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээнд нэг ч хожигдолгүйгээр үндсэн тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Наадмын үндсэн тэмцээний хэсгийн шатанд Камбожийн шигшээ багийг 2:0 харьцаатай буулган авч, хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарсан. Улмаар Хонконгийн шигшээ багийг 2:0 харьцаатай хожсоноор медалийн болзол хангаж, хагас шигшээд дэлхийн шилдэг багуудын нэг Alter Ego-гийн тамирчдаас бүрдсэн Индонезийн шигшээ багтай ширүүн өрсөлдсөний эцэст Азийн наадмын хүрэл медалийн эзэд болсон билээ. Багийн бүрэлдэхүүнд Т.Эрмүүнбаатар /MuMu/, О.Лхагвасүрэн /Mayki/, Т.Багабанди /Zxaura/, Б.Тэнгис /Aux/, Э.Эрдэнэбилэг /Kei/ нар багтсан.
“Ханжоу 2022” Азийн наадамд Монгол Улс “Dota 2” төрлөөр мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа MLBB-ийн шигшээ баг амжилтын буухиаг үргэлжлүүллээ. Ингэснээр Монголын и-спортын баг хоёр Азийн наадам дараалан медальт байранд шалгарсан амжилтыг үзүүлж байна.

Жүдогийн баг тамирчид алт, мөнгө, хүрлээр медалийн буухиаг үргэлжлүүлж байна
Наадмын эхний 10 хоногт дугуйн нэг хүрэл медальтай байсан Монгол Улсын багийн амжилтыг жүдочид үргэлжлүүлж байна. Тэмцээний эхний өдөр К.Ёолк аваргын алтан медаль хүртэж, манай баг 26-р байрт дэвшиж чадсан билээ. Өчигдөр жүдочид дахин медалийн буухиаг үргэлжлүүлж, багийн амжилтыг ахиуллаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн дэлхийн аварга, 19 настай Т.Ариунзаяа мөнгө, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д У.Анужин нар хүрэл медаль хүртэж, Азийн наадмын медальтан боллоо.
Сонирхолтой нь, “Ханжоу 2022” Азийн наадмын холимог багийн барилдаанд Л.Энхрийлэн БНСУ-ын алдарт бөх Хо Миг ялж байсан билээ. Тэгвэл энэ жилийн 57 кг-ын финалын барилдаанд Хо Ми залуу бөх Т.Ариунзаяаг ялж, Азийн наадмын аварга боллоо. Хэдийгээр Т.Ариунзаяа алтан медалийн төлөөх барилдаанд олимпын мөнгө, дэлхийн аварга Хо Мид ялагдсан ч энэ наадмын Монголын багийн эхний мөнгөн медалийг авчирсан юм. Энэ амжилтаар Монгол Улсын баг дахин нэг байраар урагшилж чадлаа.

Сонгомол бөхөөр 52 жилийн дараа медалийн буухиа үргэлжилсэн онцгой өдөр боллоо
Азийн наадмын чөлөөт болон сонгомол бөхийн медальтнууд тодорч эхэллээ. Монгол Улсын чөлөөт болон сонгомол багийн амжилт шинээр бичигдэж байна.
Сонгомол бөхийн 97 кг-д барилдсан Г.Ганхуяг Туркменистаны бөх А.Агамамммедоваг 9:5-аар ялж, хүрэл медаль хүртлээ. Энэхүү амжилт нь Монголын сонгомол бөхийн Азийн наадмын 6 дахь медаль боллоо. Мөн тэрээр 52 жилийн дараах медалийн буухиаг үргэлжлүүлэв. Тодруулбал, Монгол Улсын баг 1974 онд Иранд болсон VII Азийн наадамд сонгомол бөхийн төрлөөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв. Тухайн үед 100 кг-ын жинд Х.Баянмөнх мөнгө, 68 кг-ын жинд Ц.Нацагдорж, 82 кг-ын жинд Д.Цэрэндаш, 90 кг-ын жинд Ж.Мөнхбат, +100 кг-ын жинд Д.Адъяатөмөр нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл энэ амжилтыг 52 жилийн дараа Г.Ганхуяг үргэлжлүүлж, нэгэн онцгой амжилтыг Нагоя хотын дэвжээнд бичлээ.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Т.Алтжин Энэтхэгийн бөх Мансийг 5:2-оор ялж, багийнхаа эхний медалийг авчирлаа. Монголын чөлөөт бөхийн тамирчдын медалийн буухиаг эхлүүлсэн ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин Азийн наадмын медальтан болж, алдар нэрээ дахин цуурайтууллаа.
Ингэснээр өчигдөр дэвжээнд гарсан манай чөлөөт, сонгомолын бөхчүүдээс хоёр хүрэл медальтан тодорсноос гадна онцгой амжилт бичигдэв.
Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй жингийн барилдаанд манай шилдэг бөхчүүд барилдана.

Монгол Улс 10 медальтайгаар жагсаалтын 26-р байрт бичигдэж байна
Азийн наадам эхэлснээс хойш дугуйн нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 40-д бичигдэж байсан Монгол Улсын баг сүүлийн өдрүүдэд жүдо, чөлөөт бөхийн амжилтаар урагшилсаар байна.
Жүдо бөхийн нэг алтан медальтайгаар Макао, Йордан, Мьянмар, Шри-Ланк, Арабын нэгдсэн Эмират улсын араас жагсаж байсан манай улсын амжилт дахин ахилаа. Өчигдөр мөнгө, хүрэл медалийн буухиаг бөхчүүд үргэлжлүүлж, Макао, Саудын Араб, Кыргизстаны араас 10 медальтайгаар 26-р байрт бичигдэж байна. Сингапур, Тажикистан, Вьетнам, Мьянмарын баг хоёр алтан медальтай 19-22-р байрт жагсаж байгаа. Эдгээр орныг манай чөлөөт, жүдогийн баг гүйцэх бүрэн боломж бий.
Азийн наадмыг тэргүүлж буй БНХАУ-ын багийн алтан медаль 152-д хүрсэн бол зохион байгуулагч Японы баг тамирчид 58 алт, 78 мөнгө, 79 хүрэл медальтайгаар хоёрт бичигдсэн хэвээр. БНСУ-ын багийн алтан медаль 30-д хүрсэн бол Узбекистан 16, Иран, Тайланд 12, Бахрайн 11, Энэтхэг 10 алттайгаар эхний 8-д жагсаж байна.
Монгол Улсын баг нэг алт, нэг мөнгө, найман хүрэл медальтайгаар 45 орноос 26-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ. Энэ амжилт өнөөдөр, маргааш ахих бүрэн боломжтой.