
“Түүхэнд агуу хүн олон төрсөн ч Багш цорын ганц”. Хагас зууны өмнө бие барсан Мао Зэдуны нэр хүнд хятад залуусын дунд сэргэж, хувьсгалын удирдагчийн үзэл номлол шинээр түгэх болсон нь өнгөрсөн түүхээ санагалзсан сэтгэл хөдлөл төдий биш аж.
Эдийн засгийн өсөлтийн үр шимээс хоцорч, нийгмийн шат ахих боломж нь хумигдсан залуус өнөөгийн Хятадын зөрчил, тодорхойгүй ирээдүйн хариуг түүхээс эрж эхэлжээ.
2026 оны есдүгээр сарын 9. Бээжингийн Тяньаньмэний талбайд Мао Зэдуны бунхныг үзэх урт дараалал үүсжээ. БНХАУ-ыг үндэслэгч таалал төгссөний 50 жилийн ой тохиосон өдөр бунханд зочлох тасалбарын урьдчилсан захиалга хэдийнэ дуусжээ. Дараалалд зогсож буй хүмүүсийн дийлэнх Маогийн засаглалаас тэртээ хойно төрөгсөд.
Маогийн нас барсны 50 жилийн ойг Хятадын эрх баригчид сүр дуулиантай тэмдэглээгүй. Гэвч түүний нэр хүнд залуусын дунд эргэн сэргэж буйг анзааралгүй өнгөрөх аргагүй. Цахим орчинд Маогийн илтгэл, түүхэн дүрс бичлэгүүд сая сая үзэлт цуглуулж, бүтээлүүд нь их сургуулийн номын сангийн хамгийн эрэлттэй номын тоонд багтаж байна. Залуус түүний үзэл санааг хэлэлцэх цахим бүлгүүд байгуулж, зарим нь амьдралд тулгарсан асуудлаа шийдэх арга замыг Маогийн бүтээлээс хайх болжээ. Хятадын YouTube гэгддэг Bilibili платформд “Мао Зэдун” эсвэл “Багш” хэмээн хайхад түүний амьдрал, улс төрийн үйл ажиллагааг харуулсан олон арван бичлэг гарч ирнэ. Эдгээрийг үзэгчдийн дийлэнх нь Маог нас барснаас олон жилийн дараа төрсөн залуус. Bilibili-ийн хэрэглэгчдийн бараг 60 хувь нь 18-24 насныхан бөгөөд Маогийн тухай зарим бичлэг хэдэн сая үзэлт, хэдэн арван мянган сэтгэгдэлтэй болжээ.
Залуус түүнийг нэрээр нь дуудахаас илүү “Багш” хэмээн хүндэтгэх болсон нь ч учиртай. 1970 онд Америкийн сэтгүүлч Эдгар Сноутай уулзахдаа Мао өөрт нь оноосон “Агуу удирдагч”, “Хөгжлийн залуурч” зэрэг сүржин цол хэргэмээс илүү багш хэмээн дуудуулахыг илүүд үздэгээ илэрхийлсэн байдаг. Хагас зуун жилийн дараа энэ нэршил цахим орчинд шинэ утга агуулгатайгаар эргэн ирлээ. Гэхдээ өнөөгийн залуус Маог хувьсгалын удирдагч гэхээсээ илүү амьдралын бэрхшээлийг даван туулах арга ухаан заасан багш, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгчийн дүрээр төсөөлөх нь элбэг.
Дэн Сяопиний 1978 онд эхлүүлсэн шинэчлэл Хятадыг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болгон хувиргасан. Үйлдвэржилт, хотжилт, экспортын өсөлт хэдэн зуун сая хүнийг ядуурлаас гаргаж, шинэ дундаж давхаргыг бий болгосон юм. Хөдөлмөрлөж, боловсрол эзэмшиж чадвал амьдралаа дээшлүүлэх боломжтой гэсэн итгэл үнэмшил олон арван жилийн турш Хятадын нийгмийг хөдөлгөж иржээ.
Өнөөгийн залууст нийгмийн амлалт залууст урьдынх шигээ үнэмшилтэй санагдахаа больсон. Тэдний эцэг эхийн үед эдийн засгийн боломж тасралтгүй тэлж, хот суурин газарт ажлын байр нэмэгдэн, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхийн хэрээр хөрөнгө хуримтлуулах боломжтой байв. Харин одоо залуус өндөр боловсрол эзэмшсэн ч тогтвортой ажил олох баталгаагүй, орон сууц худалдан авах боломж хязгаарлагдмал, нийгмийн шат ахих боломжгүй орчинд хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байна.
2026 онд Хятадын их, дээд сургуулиудыг 12.7 сая хүн төгссөн нь түүхэн дээд үзүүлэлт. Гэвч хөдөлмөрийн зах зээл шинээр ажил горилогчийг шингээж дийлэхээ болилоо. Үндэсний статистикийн газрын мэдээллээр долоодугаар сард хот суурин газрын 16-24 насны залуусын ажилгүйдэл 17.9 хувьд хүрсэн байна. Сайн сургуульд орж, дээд боловсрол эзэмшээд өндөр цалинтай ажилд орно гэсэн итгэлээр өссөн залуус амьдралын үнэнтэй нүүр тулж байна. Үл хөдлөх хөрөнгө, боловсролын салбарын гажуудал, технологийн компаниудын бүтцийн өөрчлөлт дээр хиймэл оюуны хэрэглээ нэмэгдсэн нь ажлын байрны өрсөлдөөнийг улам ширүүсгэжээ.
Хятадын эдийн засгийн хүндрэл зөвхөн ажилгүйдлээр хязгаарлагдахгүй. Меркаторын Хятад судлалын хүрээлэнгийн тооцоогоор 2021 оноос хойш шинээр баригдсан орон сууцны борлуулалтын үнэ 60 орчим хувиар унажээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаан үргэлжилсэн уналт өрхийн хөрөнгийг үнэгүйдүүлж, хэрэглэгчдийн итгэлийг сулруулсан. 2026 оны тавдугаар сард Хятадын хэрэглэгчдийн итгэлийн индекс 89.9 нэгжид хүрсэн нь цар тахлын өмнөх үеийн түвшнээс мэдэгдэхүйц доогуур үзүүлэлт юм.
Ийнхүү Хятад улс дэлхийн зах зээлд экспортын хүчирхэг байр сууриа хадгалж байгаа ч дотооддоо өрхийн эдийн засгийн чадавх суларч байна. Үндэсний эдийн засгийн амжилт хувь хүний амьдралын баталгаа болж чадахаа больсон энэ зөрчил залуусын ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж эхэлжээ.
Эдийн засгийн шинэ нөхцөл хятад залуусын өдөр тутмын хэллэгт хүртэл тусгалаа олсон. Жишээ нь, “996” гэдэг нь долоо хоногийн зургаан өдөр, өглөөний 9 цагаас оройн 9 цаг хүртэлх ажлын хуваарийг хэлдэг. Харин “инволюц” хэмээх ойлголт улам их хөдөлмөрлөж, ширүүн өрсөлдсөн ч эцсийн дүндээ өмнөх байр сууриа хадгалахаас цааш ахиц гаргаж чаддаггүй нөхцөлийг илэрхийлнэ. Үүний эсрэг хариу үйлдэл болон нийгмийн хэт их дарамт, өрсөлдөөнөөс татгалзаж, хамгийн бага хэрэглээгээр амар амгалан амьдрахыг илүүд үзэх “tang ping буюу хэвтээ амьдрал” хэмээх хандлага түгсэн.
Нэг хэсэг нь ийнхүү өрсөлдөөнөөс гарахыг сонгож байхад зарим нь залууст ээлгүй нийгмийн тогтолцоог шүүмжлэх үзэл санааг эрэлхийлж байна. Чухам энэ үед Маогийн капитализм, ангийн ялгаа, мөлжлөгийн тухай ойлголтууд шинэ үеийнхний анхаарлыг татах болсон. Нанжин хотын ахлах сургуулийг төгсөж, одоо их сургуульд орохоор бэлдэж буй Дун бол Мао Зэдуны үзэл номлолыг ихээр сонирхдог хүмүүсийн нэг. Түүний хувьд Маогийн үзэл санааны гол давуу тал нь нийгмийн зөрчлийг энгийн бөгөөд шууд тайлбарладагт оршино.
Мао хэн нь дарлагч, дарлагдагч болохыг тодорхой нэрлэсэн нь эдийн засгийн нарийн төвөгтэй онолоос илүү ойлгомжтой санагддаг аж.
Мао Зэдун 1949 онд БНХАУ-ыг байгуулж, 1976 онд нас барах хүртлээ Хятадын коммунист нам болон улс орныг бүхэлд нь удирдсан билээ. Түүний үед Хятад улс улс төрийн нэгдмэл байдлаа бэхжүүлж, олон улсын харилцаанд бие даасан байр суурь эзлэхийг эрмэлзсэн ч дотоодын улс төр, эдийн засгийн томоохон кампанит ажлууд асар их гарз хохирол дагуулсан юм. 1958 онд эхэлсэн “Их үсрэлт” хөдөө аж ахуйг хамтралжуулж, аж үйлдвэрийг богино хугацаанд хөгжүүлэх зорилготой байсан ч бодлогын ноцтой алдаа, албадлагын тогтолцооны уршгаар олон арван сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн. 1966 онд эхэлсэн “Соёлын хувьсгал” хэмээх хэлмэгдүүлэлтэд олон сая хүний амьдрал сүйдэж, Хятадын нийгэм арван жилийн турш улс төрийн тогтворгүй байдалд автсан юм. Гэвч өдгөө залуус Хятадын түүхийн бараан үеийг төсөөлж багцаалдаггүй. Пенсильванийн их сургуулийн профессор Ян Гүобин Маогийн бүтээлүүд шинэ үеийнхэнд шинэлэг, хурц тод санагддагийг тэмдэглэжээ.
Түүний хэлснээр цахим орчин хүн бүрт өөрийн хүссэн Маог олж авах боломж олгодог. Нэг нь үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчийг, нөгөө нь нийгмийн тэгш байдлыг хамгаалагчийг, гурав дахь нь хувь хүний тэсвэр хатуужлын үлгэр жишээг түүний дүрээс хардаг.
Тэгвэл Маогийн үеийг биеэр туулсан хүмүүсийн дурсамж шинэ үеийнхний төсөөллөөс эрс ялгаатай. Le Monde сонин 2026 оны есдүгээр сард Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнд хувьсгалын үеийн дуу дуулдаг ахмад настнуудын тухай сурвалжилжээ. Тэдний дийлэнх нь Маогийн засаглалын үед өлсгөлөн, улс төрийн хавчлага туулсан ч түүнийг Хятадын тусгаар тогтнол, үндэсний бахархлын бэлгэ тэмдэг хэмээн хүндэтгэдэг хэвээр. Харин зарим нь Соёлын хувьсгалын үеийн хүчирхийлэл, гэр бүлийнхэнд нь учирсан зовлонг мартаж чаддаггүй.

Маогийн түүхэн өв Хятадын коммунист намын хувьд онцгой эмзэг сэдэв байсаар ирсэн. 1981 онд Дэн Сяопиний удирдлага дор баталсан түүхэн тогтоол Маогийн гавьяа алдаанаасаа хавьгүй их гэсэн албан ёсны үнэлгээг тогтоосон. Үүнийг “70 хувь нь гавьяа, 30 хувь нь алдаа” хэмээн товчлон илэрхийлэх нь түгээмэл. Маогийн бодлогын ноцтой алдааг хүлээн зөвшөөрч, шинэчлэл хийх боломжийг бүрдүүлсэн бол нөгөө талаас БНХАУ-ыг үндэслэгчийн нэр хүндийг хадгалж, Коммунист намын түүхэн залгамж чанарыг хамгаалжээ. Дэн Сяопин, дараа нь Зян Зэмин нар улс орныг удирдаж байх үед Маогийн хөрөг галт тэрэгний буудал, олон нийтийн талбай, анги танхимуудаас аажмаар алга болжээ. Хүмүүс Маог бурхан биш харин өөрийн гэсэн дутагдалтай түүхэн хүн гэж үзэх болсон юм.
Тэгвэл Ши Жиньпиний үед Маогийн түүхэн өв дахин чухал байр суурь эзэллээ. 2021 онд баталсан Коммунист намын түүхийн тухай тогтоолд “Хятад үндэстний агуу их сэргэн мандалт” гэсэн үзэл санааг гол болгожээ. Үүнд Маогийн үеийг Хятад улс тусгаар тогтнолоо бататгасан, Дэний үеийг эдийн засгийн хөгжилд хүрсэн, Шигийн үеийг үндэсний хүч чадлаа бэхжүүлж буй цаг хугацаа хэмээн түүхэн цогц үйл явц болгон тайлбарладаг.
Фрайбургийн их сургуулийн профессор Даниэль Лизегийн үзэж буйгаар ийм түүхэн тайлбар нь өнгөрсөн үеэс өнөөг хүртэлх үйл явцыг тасралтгүй ахиц дэвшлийн зам мэтээр дүрсэлж, Коммунист намын удирдах үүргийг зөвтгөх зорилготой аж.
Гэхдээ төрийн үзэл суртал болон залуусын дунд аяндаа үүсэж буй Маог шүтэх хандлага хоорондоо төдийлөн холбоо хамааралгүй. Маогийн үзэл номлолын тухай хэлэлцүүлэг өнөөгийн удирдлагын талаар ил тод ярилцахаас харьцангуй аюул багатай. BBC-д ярилцлага өгсөн Дун найзуудтайгаа Маогийн тухай чөлөөтэй маргаж чаддаг ч Ши Жиньпиний тухай ижил байдлаар хэлэлцэх боломжгүйг онцолжээ. MERICS-ийн судалгаанд ч Хятадын цахим орчинд нийгмийн асуудлаар тодорхой хэмжээний хэлэлцүүлэг өрнөдөг боловч иргэд улс орны дээд удирдлагатай холбоотой сэдвээс зайлсхийх хандлагатайг тэмдэглэсэн байдаг. Маог “дахин төрүүлэх” нь зөвхөн интернэт соёлын хүрээнд үлдэх үү, эсвэл улс төрийн илүү тогтвортой хэлбэр болон хувирах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.