
БНСУ-ын Ноншим компани өөрийн гол бүтээгдэхүүн болох Shin Ramyun-ий дэлхийн амжилтад тулгуурлан экспортын хэмжээгээ нийт борлуулалтын 60 хувиас давуулах шинэ зорилтоо танилцууллаа.
Компанийн гүйцэтгэх захирал Чо Юн-чул “Манай зорилго тодорхой. Бид дэлхийн хүнс, ундааны амьдралын хэв маягийн тэргүүлэгч болж, 2030 он гэхэд жилийн борлуулалтаа 7.3 их наяд вон буюу 4.9 тэрбум ам.долларт хүргэнэ” гэж Shin Ramyun-ий 40 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Тэрээр “Shin Ramyun-ийн борлуулалт 20 их наяд вонд хүрсэн. Хэрэв бүх гоймонгийн савлагааг эгнүүлбэл дэлхийгээс сар хүртэл 2200 удаа явж очсонтой, мөн дэлхийгээс нар хүртэл зургаан удаа явсантай тэнцэнэ” гэжээ.
Мөн тус компани улаан лооль болон кремний амт нэмсэн шинэ бүтээгдэхүүн болох Shin Ramyun Rose-ийг танилцуулсан байна. Шинэ бүтээгдэхүүн даваа гарагт Өмнөд Солонгос болон Японд нэгэн зэрэг худалдаанд гарсан бөгөөд дараа нь бусад зах зээлд нэвтрүүлэх аж. Одоогоор Shin Ramyun 100 оронд худалдаалагдаж байна.
Чо Юн-Чол “Бид АНУ-ын Walmart болон Costco-д орж эхлэхээсээ өмнө жил бүр 7000 удаагийн амталгааны арга хэмжээ зохион байгуулж байсан. Одоо Shin Ramyun АНУ-ын бэлэн гоймонгийн зах зээлийн 20 гаруй хувийг эзэлж байна” гэж хэлжээ.
Түүний мэдээлснээр, одоогоор экспорт нь нийт борлуулалтын 40 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь Ноншимийг дэлхийн шилдэг таван гоймон үйлдвэрлэгчийн нэг болгожээ.