
АНУ-ын Орегон мужийн Бенд хотын бага сургуульд пүрэв гарагт зэвсэгт этгээд гал нээж, хэд хэдэн хүнийг шархдуулсны дараа өөрөө буудуулж амиа алджээ. Сэжигтнийг хэн буудсан нь тодорхойгүй байна.
Хууль сахиулах байгууллагын эх сурвалжид тулгуурлан CNN болон CBS News мэдээлснээр, уг хэрэгт нэг насанд хүрсэн хүн, гурван хүүхэд амиа алдсан байна. Гэхдээ амиа алдсан хүмүүсийн тоонд халдлага үйлдсэн этгээд багтсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
CBS News халдлага үйлдсэн этгээд 16 настай байсан гэж мэдээлсэн бол CNN түүнийг эрэгтэй хүүхэд байсан хэмээн тодотгожээ.
Цагдаагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 13:00 цагт болсон хэргийн талаар ирсэн анхны дуудлагад “танихгүй эрэгтэй Силвер-Рэйл бага сургуулийн автомашин руу буудсан” гэж мэдээлжээ.
Үүнээс хэдхэн хормын дараа сургуулийн байранд хүн нэвтэрч, гал нээж эхэлсэн тухай мэдээлсэн олон дуудлага яаралтай тусламжийн диспетчерүүдэд ирсэн байна.
Цагдаагийн алба хаагчид хэдхэн секундын дараа хэргийн газарт очиход сэжигтэн буудуулж, амиа алдсан байжээ. Түүнийг хажууд байсан хүн буудсан байх магадлалтай гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.
Силвер-Рэйл бага сургууль нь цэцэрлэгийн наснаас тавдугаар анги хүртэлх буюу ойролцоогоор 5–11 насны хүүхдүүдэд боловсрол олгодог. Орегон мужийн өндөрлөг, хуурай бүсэд, Дешютесийн үндэсний ойн дэргэд байрладаг тус сургууль 450 орчим сурагч, 40 ажилтантай гэж Миллер мэдээлжээ.