
АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт барилга нурж, хоёр хүн амиа алджээ. Гал сөнөөгчид нурангид дарагдсан, амьд үлдсэн байж болзошгүй хүмүүсийг аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Нуралтын улмаас олон хүн гэмтжээ.
Гурван давхар, орон сууц болон худалдааны зориулалттай уг барилга Флатбуш дүүргийн, голдуу хар арьст болон Афро-Карибын гаралтай иргэд амьдардаг хороололд байрладаг.
Лхагва гарагийн 16:00 цагийн орчимд аврах ажиллагаа эхэлжээ. Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани аврах ажиллагааны явцын талаар X сүлжээгээр мэдээлж, иргэдийг ослын газраас хол байхыг анхаарууллаа. Мамданигийн мэдээлснээр, анхны яаралтай тусламжийн дуудлага ирснээс хойш нэг минутын дотор аврах багийнхан ослын газарт хүрчээ.
Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газрын (FDNY) дарга Жон Эспозитогийн хэлснээр, гал сөнөөгчдийн баг ойролцоо гарсан өөр нэг ослын газраас буцаж явахдаа дуудлагыг хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагааг нэн даруй эхлүүлжээ.
Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, дөрвөн хүн биеийн байдал нь хүнд, 12 хүн тогтвортой байгаа бол нэг гал сөнөөгч хөнгөн гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байна. Мөн хохирогчдыг илрүүлэхээр нэмэлтээр дрон ажиллуулж байгаа аж.
Барилга ойролцоох барилгын талбай руу нурж, оршин суугчид болон барилгын ажилчид нурангид дарагдсан гэдгийг Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газрын комиссар Лиллиан Бонсиньоре тайлбарлажээ. Нью-Йорк хотын Онцгой байдлын удирдлагын газар осолд өртсөн хүмүүст туслах төвийг ойролцоох Флатбуш YMCA-д байгуулсан байна. Хотын Цагдаагийн газар ослын газарт эргүүл ажиллуулж, эмнэлгийн яаралтай тусламжийн ажилтнууд аврах багийнхантай хамтран ажиллажээ.
“Манай багийнхан аюултай нөхцөлд эр зориг гарган ажиллаж байна. Тэд маш их эрсдэлтэй, аюултай орчинд ажиллаж байгаа. Нурангид дарагдсан овоолгыг хэт хурдан хөдөлгөх нь нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй” гээд барилга нурсны шалтгааныг одоогоор шалгаж байгаа, аврах ажиллагаа “удаан хугацаанд үргэлжлэх” шаардлагатайг нэмж дурджээ.