
Австралийн Сидней хотын хойд хэсэгт бямба гарагт Ньюкасл Найтс регбигийн багийг дэмжихээр зам дээр цугласан хүмүүс рүү автомашин орж, 10 хүн гэмтсэн байна. Гэмтсэн хүмүүсийн дунд хэд хэдэн хүүхэд байжээ.
Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн газрын мэдээлснээр, гэмтсэн хүмүүсээс таван настай охин болон 67 настай эрэгтэй хоёрын биеийн байдал хүнд байгаа бол бусад найман хүний биеийн байдал тогтвортой байна. Тэдний дунд мөн таван настай, хоёр настай охин байжээ.
Цагдаа нар автомашин жолоодож явсан 18 настай эрэгтэйг баривчилж, хэргийн шалтгаан нөхцөлийг шалгаж байна. Цагдаагийн байгууллага уг ослыг терроризмтой холбоотой гэж үзэхгүй байгаа гэж мэдэгджээ.
Энэ долоо хоногт Ньюкасл Найтс багийн бэлтгэлийг үзэж, дэмжихээр олон мянган хүн цугласан байна. Харин ням гарагт Сидней хотод болох Үндэсний Регбигийн лигийн аваргын төлөөх тоглолтын өмнө багийн автобусыг үдэж өгөхөөр бямба гарагийн өглөө мөн олон хүн гудамжинд цуглажээ.
Ньюкасл хотын захирагч Гэвин Моррис телевизээр ярилцлага өгөхдөө, хүмүүсийг мөргөсөн автомашины жолооч хяналтаа алдсан бололтой гэж тайлбарлажээ.
Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн байгууллага 18 настай жолооч автомашиныг “эмх замбараагүй, тогтворгүй байдлаар” жолоодож байсан гэж сэжиглэж байгаагаа мэдэгдсэн байна.