
Тэрбумтан Мукеш Амбанигийн эзэмшдэг “Рилайэнс Жио Платформс” компанийн хувьцаа лхагва гарагт Мумбайн хөрөнгийн биржид арилжаалагдаж эхэлсэн даруйдаа 21 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 131.5 тэрбум ам.долларт хүрэв. Ингэснээр тус компани зах зээлийн үнэлгээгээр Энэтхэгийн хоёр дахь том компани боллоо.
Энэхүү IPO нь “Рилайэнс” группийн сүүлийн 20 жилийн хугацаанд хийсэн анхны хувьцааны нээлттэй арилжаа юм. Энэ нь “Рилайэнс”-ийг газрын тос, химийн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгдлээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, технологийг хамарсан “бүхнийг нэг дор” санал болгодог компани болгон өөрчлөх Амбанигийн төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Нэг улсын доторх хэрэглэгчдийн тоогоор тус компани зөвхөн Хятадын “Чайна Мобайл”-ийн дараа бичигддэг.
Лхагва гарагт Мумбай хотод болсон хувьцааны арилжаа эхлүүлэх ёслолд Мукешийн ууган хүү, “Жио”-гийн гүйцэтгэх захирал Акаш тэргүүтэй Амбани гэр бүлийн гишүүд оролцжээ.
“Жио”-гийн хувьцаа нэг бүр нь 1358 рупигийн үнээр арилжаагаа эхлүүлсэн байна. Зах зээлийн үнэлгээгээр тус компани харилцаа холбооны “Бхарти Эйртел” болон “Эйч Ди Эф Си” банкийг ардаа орхиж, Энэтхэгийн хоёр дахь том компани болов.