Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны зургаадугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийт 883 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаснаас 690-г нь хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Мөн энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 84 гомдол, мэдээллийг шалгаж, 34-г нь хянан шийдвэрлэжээ.
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газар, Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллага болон холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах талаар албан бичиг хүргүүлжээ.
Түүнчлэн, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 9 албан тушаалтны хөрөнгө, орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгасан гэж АТГ мэдээлэв.