
Египетийн Гиза мужид газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж явсан цистерн машин осолдож, томоохон гал түймэр гарчээ. Галын улмаас 31 хүн амиа алдаж, 21 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын эрх баригчид мэдээлэв.
Ослын газарт 39 түргэн тусламжийн машин илгээж, гэмтэж бэртсэн хүмүүсийг гурван эмнэлэгт хүргэсэн гэж Египетийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Египетийн Эрүүл мэндийн сайд Халед Абдель Гаффар ойролцоох эмнэлгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, аврах ажиллагааны явцыг хянахаар ослын газар болон эмнэлгүүдэд очжээ.
Египетийн прокурорын байгууллага пүрэв гарагт ослыг гаргасан гэх жолоочийг баривчилсан гэж мэдэгдэв. Тэрбээр автомашинаа цагт 110 км хурдтай жолоодож явахдаа осол гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна. Сэжигтэн байцаалтын үеэр эгнээнүүдийн хооронд сүлжиж, бусад автомашиныг гүйцэж түрүүлэх гэж байхдаа цистерн машины араас мөргөсөн гэж мэдүүлжээ.
“Тэр жолооны хүрдний хяналтаа алдаж, автомашин нь замын хамгийн баруун зах руу хазайсан байна. Үүний улмаас цистерн машины нэг дугуй хагарч, бетон хашлага мөргөн онхолдсон” гэж прокурорын мэдэгдэлд дурджээ. Цистернээс бензин асгарч, улмаар гал авалцсан байна.
Прокурорын байгууллага 21 настай жолоочийг байцаалтын дараа мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан гэжээ. Мөн мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоохын тулд шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Прокурорын байгууллагын урьдчилсан тооцоогоор, суудлын автомашин болон мотоцикл зэрэг нийт 27 тээврийн хэрэгсэл галд шатаж сүйджээ.
Египетийн Санхүүгийн зохицуулах газар тус улсын автомашины албан журмын даатгалын санг гал түймэрт амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд болон гэмтэж бэртсэн хүмүүст олгох нөхөн төлбөрийг шуурхай олгохыг үүрэг болгосон байна.