
"Хаш мэт хатуу, болор мэт тунгалаг төрийг байгуулж
нүдний цөцгий, зүрхний тольт мэт хайрлаж явахаа тангараглая".
Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын
төрийн
тангарагаас...
Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад 102 жилтэйгээ золгож байна. Тэртээ 1924 оны 11 сарын 26-нд анхны үндсэн хуулиа баталж, нийтээр даган мөрдөх баримт бичигтэй болсон нь өнөөгийн Улсын Их Хурал, Засгийн газрын суурийг тавьсан явдал байв. Эх орныхоо тусгаар байдлын төлөө эрслэн босож, үндсэн хуулиа баталсан тэдгээр зоригтнуудын ихэнх нь хожим хилсээр хороогдож, хүйтэн чулуу дэрлэсэн ч газар шороо, гол усаа голт зүрхний гүнээс хайрлаж, эх чөлөө хэмээх үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэхийг үнэ цэнийг үр хойчдоо оршоосон билээ.
Харин өнөөдөр Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөр. Иргэд төрд татвар төлдөг. Харин төр иргэддээ эрх, эрх чөлөө, шударга ёсыг олгож, түүнийгээ баталгаажуулах үүрэгтэй. Энэ бол орчин үеийн улс төрийн хамгийн энгийн бөгөөд анхдагч зарчим. Гол нь энэ бүхэн бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа юу гэх асуулт үргэлж хөндөгддөг. Үүнд хариулт өгөх цорын ганц бичиг баримт бол Монгол Улсын Үндсэн хууль.
Энэ бол төр хэнд үйлчлэх ёстойг, хэн хэнийхээ өмнө ямар хариуцлага хүлээх шаардлагатайг тогтоосон нийгмийн гэрээ. Төр иргэдээсээ юуг шаардаж болох, иргэд төрөөсөө юуг нэхэх эрхтэйг Үндсэн хууль л заадаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль бол төрийн дарангуйллын хэрэгсэл бус агаад улстөрчдийн тав тухын хангах тунхаг ч биш. Энэ бол иргэний баталгаа билээ.
Ардчилалтай цуг төрсөн Үндсэн хууль

Монгол Улсын өнөөгийн Үндсэн хууль 1992 оны 1 дүгээр сарын 13-нд батлагдсан. Ийнхүү Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж баталсан агаад Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимэд голлон боловсруулжээ. Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах зайлшгүй шаардлагатайг ч Б.Чимид онцолсон байдаг.
Тиймээс өнөөдөр бол бидний хувьд зүгээр нэг огноо, хууль баталсан өдөр биш. Нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжсэн, хүний эрхийг анх удаа төрийн бодлогын төвд аваачиж тавьсан түүхэн мөчийг гэрчлэх өдөр юм.
Үүнээс өмнө буюу 1924, 1940, 1960 онуудад Үндсэн хуулиуд нэг намын үзэл суртлыг баталгаажуулж, төрийг иргэнээс дээгүүр тавьж ирсэн бол 1992 оны уг Үндсэн хууль үүнийг эрс өөрчилсөн. Анх удаа “хүн, түүний эрх, эрх чөлөө бол төрийн үйл ажиллагааны дээд үнэт зүйл мөн” гэж тунхагласан. Энэ өгүүлбэр өөрөө Монголын төрийн философийг бүхэлд нь эргүүлсэн юм.
Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Монголчууд хүнд үеийг туулж байв. Инфляц, ядуурал дамавгайлсан зааг үе. Гэвч цаг үеийн ашиг сонирхлоор бус урт хугацааны зарчмаар ирээдүйгээ тодорхойлсон Үндсэн хуулийг бүтээсэн нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байгаа билээ. Гол нь эрх баригчид болоод бид хуулиа мөрдөж, хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг асуудал л хэвээр ужгирсан хэвээр бий.
Үндсэн хуулийн бүтэц, агуулгын цөм
1992 оны Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Гэхдээ энэ тоо чухал биш. Харин түүний дотор агуулагдаж буй гол санаа нь чухал.
Нэгдүгээрт, төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан. Төр бол эзэн бус итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн ойлголт эндээс эхэлнэ. Хоёрдугаарт, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хуваарилалтыг тунхагласан.
Гуравдугаарт, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, зах зээлийн эдийн засгийн үндсийг тавьсан. Дөрөвдүгээрт, хүний үндсэн эрх, эрх чөлөөг дэлгэрэнгүй баталгаажуулсан. Ухамсарт хүний хамгийн чухал, үнэт зүйл бол эрх чөлөө мөн.
Өөр нэг зүйл нь үндсэн хууль бол мөнхөд өөрчлөгдөхгүй “Библи” эсвээс “Коран судар” ч юм уу “Монголын нууц товчоон” биш. Нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр Үндсэн хуульд засвар хийх шаардлага гардаг. Гэхдээ яг үүн дээр ч мөн эрх ашгийн асуудал хөндөгддөг. Хуульд өөрчлөлт оруулж буй эрх мэдэлтнүүд үнэхээр иргэдийн эрхийг хамгаалах засвар оруулж байна уу, үгүй аваас үндсэн хуулийн суурийг ганхуулж, зөвхөн өөрсдөдөө хэрэгцээтэй зүйл, заалтыг боловсруулав уу?
Үнэндээ зарим тогтолцоо, хуулийн хэрэгжилт нь эрх мэдэлтнүүдийн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, сүүлчин оромж болж байгааг бид үзэж, туулсаар байгаа билээ.

1999 оны өөрчлөлт
1999 оны 12 дугаар сард батлагдсан нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн тогтолцоог “илүү тогтвортой болгох” нэрийн дор хийгдсэн. Ерөнхий сайдыг парламентын гишүүдээс томилох, Засгийн газрын гишүүдэд давхар дээл өмсөх боломж олгосон нь “Долоон өөрчлөлт” хэмээн түүхэнд үлджээ. Учир нь Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын баг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй.
Энэ өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглал хүчирхэгжсэн ч парламентын хяналт суларсан гэж олон хуульч, судлаач шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, засвар нэрийн дор хуулийн тэнцвэр алдагдсан гэсэн үг.
2019 оны өөрчлөлт
2019 оны 11 дүгээр сарын 14-нд батлагдсан нэмэлт, өөрчлөлт нь өмнөх алдааг засах, засаглалын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой байлаа. Ерөнхий сайдын эрх мэдлийг тодорхой болгож, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг тодотгон тогтоож өгсөн.
Уг өөрчлөлтийг иргэншлийн хувьд нэг алхам урагшилсан гэж үзэх хүмүүс олон. Гэхдээ дагалдах хууль, бодит хэрэгжилт сул хэвээр байгаа нь Үндсэн хууль өөрөө хангалтгүй, түүнийг хэрэгжүүлэх улс төрийн соёл дутагдаж байгааг харуулсан.
2023 оны өөрчлөлт
2023 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгож, холимог тогтолцоог нэвтрүүлсэн. Албан ёсны тайлбараар бол төлөөллийн чанарыг нэмэгдүүлэх, бүс нутгийн болон нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг илүү тусгах зорилготой.
Гэвч тоо нэмэгдсэнээр иргэдийн ахуй амьдрал өөрлөгчдөж, хөгжил дэвшил хурдсах уу? Эсвэл улс төрийн зардал, ашиг сонирхлын сүлжээ л тэлэх үү? Энэ асуултын хариулт нь өнөөгийн бидний амьдрал.
Үндсэн хуулийн үнэ цэн

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэж заасан. Гэтэл бодит амьдрал дээр эдгээр эрх хэн бүхэнд тэгш хэрэгжиж байна уу?
Зарим иргэн хуульд ойр, зарим нь хуулиас алс байдаг. Үнэндээ Үндсэн хуулийн үнэ цэн үг хэллэгт бус, иргэний өдөр тутмын амьдралд хэрхэн оршиж байгаагаар тодорхойлогдоно. Иргэн бүр аюулгүй орчинд амьдрах, шударга шүүхээр орох, бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх чөлөөт эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн бүхэн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх. Энэ бүхэн хэрэгжиж чадаж байвал Үндсэн хууль амьдарч байна гэсэн үг.
Харин эдгээр боломж үгүй аваас Үндсэн хууль гоё хавтастай ном төдийгөөс ялгаагүй. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх, тайлбарлах, хэрэгжүүлэх бүхэн нэг л шалгууртай байх ёстой. Түүний хариултыг харин бид бүгд мэднэ.
Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр билээ.