
Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан талаарх мэдээлэл дэлхий нийтийг цочроосон. Гэвч үүнээс ч илүү гайхшируулсан мэдэгдэл нь Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Венесуэлийг “аюулгүй, зохистой, бодлоготой шилжилт хийгдэх хүртэл” удирдана гэж хэлсэн явдал байлаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Мадурогийн “баруун гар” болсон Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригестэй ярилцсан бөгөөд тэрээр “Венесуэлийг дахин агуу болгохын тулд бидний шаардлагатай гэж үзсэн бүхнийг хийхэд үндсэндээ бэлэн гэж хэлсэн” хэмээн мэдэгдсэн. Харин Родригес Мадурог баривчилсныг “хулгай” хэмээн буруутгаж, Венесуэл хэзээ ч колони болохгүй гэдгийг онцолсон юм.
Ийм зөрчилтэй мэдэгдлүүд хийгдэж буй үед Венесуэлд хэн засаг барьж байна вэ?
Венесуэлийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгч эзгүй тохиолдолд дэд ерөнхийлөгч түүний үүргийг гүйцэтгэхээр заасан байдаг. Ийм ч учраас Венесуэлийн Дээд шүүх Делси Родригесийг Ерөнхийлөгчийн үүргийг түр орлогч хэмээн зарласан. АНУ болон бусад олон улс 2024 оны сонгуулийг луйврынх гэж, Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөөгүй. Үнэндээ Мадуро “засгийн газрын үнэнч хүмүүс давамгайлсан Сонгуулийн үндэсний зөвлөл (CNE) ялсан” гэж зарласан ч саналын дэлгэрэнгүй тоог огт нийтлээгүй. Харин сөрөг хүчний цуглуулсан саналын хуудсуудыг шалгахад сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонсалес илт ялсан нь харагдсан. Үүний улмаас АНУ тэргүүтэй улсууд Гонсалесийг ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж хүлээн зөвшөөрсөн. Урьд нь олонд төдийлөн танигдаагүй дипломатч байсан Гонсалесийг нэр дэвшүүлэхэд нэр хүндтэй сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо дэмжсэн юм. Тэрээр өөрөө Мадурогийн засгийн газраас сонгуульд оролцох эрхээ хасуулсан тул Гонсалест зайгаа тавьж өгсөн. Сонгуулийн дараа аюулгүй байдлын хүчнүүд сөрөг хүчнийг хавчин шахсанаар Гонсалес Испани руу цөлөгдөж, Мачадо Венесуэлд нуугдсан. Сүүлийн 18 сарын турш тэд Мадурог огцрохыг шаардаж, ялангуяа АНУ-аас олон улсын дэмжлэг авахын төлөө ажилласан. Мачадо “дарангуйллаас ардчилал руу шударга, тайван шилжилт хийхийн төлөө тэмцсэн” хэмээн үнэлэгдэн Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн нь түүний нэр хүндийг улам өсгөсөн. Олон хүн Мачадо эх орондоо эргэн ирж, Гонсалестэй хамт засгийн эрхийг авна гэж таамаглаж байв. Мадуро баривчлагдсаны дараа Мачадо олон нийтийн сүлжээнд “эрх чөлөөний цаг ирлээ” хэмээн бичжээ. “Өнөөдөр бид мандатаа хэрэгжүүлж, засгийн эрхийг авахад бэлэн байна” гэж тэр мэдэгдсэн. Гэвч Трамп Мачадод улсаа удирдах “дэмжлэг ч, хүндлэл ч байхгүй” гэж хэлснээр сэтгүүлчдийг цочроосон.
Түүний баг Мачадотой холбогдоогүй бөгөөд харин Рубио Делси Родригестэй ярьсан гэдгээ Трамп онцолсон. Трампын дараагийн үг яагаад түүний засаг захиргаа Мадурогийн хамгийн ойрын хүнтэй хамтран ажиллаж буйг тайлбарласан юм. Трамп Родригес “та нарын хүссэн бүхнийг хийнэ” гэж хэлсэн гээд, “түүнд өөр сонголт үнэндээ байхгүй” гэж нэмж хэлсэн юм. Мадурогийн дотоод хүрээ одоо ч эрх мэдэлтэй хэвээр байгаа тул АНУ-ын албаныхан хамгийн тайван шилжилт нь одоогийн засгийн газрын хүнээр дамжуулан явагдана гэж үзсэн байж магадгүй.
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси РодригесАНУ-ын Ерөнхийлөгч Трамп хэвлэлийн бага хурлын үеэр “шаардлагатай бол хоёр дахь, илүү том довтолгоо хийхэд бэлэн” гэдгээ хэлсэн нь Родригес АНУ-ын хүсэлтийг биелүүлэхээс өөр аргагүй гэж үзэж байгааг илтгэнэ. Родригес Мадурог баривчлагдсанаас хэдхэн цагийн дараа түүний хамгийн нөлөө бүхий хүрээллийнхэнтэй хамт харагдсан нь тэдний дэмжлэгийг авсныг харуулж буй. Түүний дэргэд ах Хорхе Родригес, Дотоод хэргийн сайд Диосдадо Кабельо, Батлан хамгаалахын сайд Владимир Падрино, Зэвсэгт хүчний дээд командлагч Доминго Эрнандес Ларес нар байв. Гэвч Родригес АНУ-д хандан “Венесуэлд ганцхан ерөнхийлөгч бий, түүний нэр бол Николас Мадуро” гэж мэдэгдэж, баривчилгааг “хүний хулгай” хэмээн тодорхойлсон. “Бид хэзээ ч ямар ч эзэнт гүрний колони болохгүй. Венесуэлийг “хамгаална” гэж амласан. Тэр Трампын хэлсэн шиг АНУ-ын тушаалыг ёсчлон дагах хүн шиг харагдсангүй. Магадгүй Мадурогийн үнэнч дэмжигчдээ өөрийн талд байлгахын тулд үндсэрхэг өнгө аясаар ярьсан байж магадгүй гэсэн таамаг бий.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио CBS-д өгсөн ярилцлагадаа АНУ Родригесийг үгээр нь биш, үйлдлээр нь дүгнэнэ гэж хэлсэн. “Хүмүүс ямар шийдвэр гаргахыг би мэдэхгүй” хэмээн хэлсэн нь Марко Рубиогийн итгэл хэр хэмжээнд байгааг илтгэнэ. Үнэндээ АНУ дарамт үзүүлэх олон хөшүүрэгтэй гэдгээ тодорхой хэлсэн. “Хэрэв тэд зөв шийдвэр гаргахгүй бол улсынхаа ашиг сонирхлыг хамгаалахын тулд газрын тосны хориг тавих зэрэг олон арга хэрэгслийг хэрэгжүүлнэ” гэж Рубио мэдэгдсэн. ABC-д өгсөн ярилцлагадаа тэр Венесуэлд шинэ сонгууль хэрэгтэйг дурдаад “Засгийн газар шилжилтийн үе, жинхэнэ сонгуулиар бүрдэнэ. Тийм сонгууль Венесуэлд байгаагүй” гэсэн. Эцэст нь хэлэхэд, ойрын хугацаанд Венесуэл Делси Родригес болон Мадурогийн дотоод хүрээллийнхний гарт хэвээр байх магадлалтай. Гэхдээ Трампын засаг захиргааны хүлээлтийг хангаж чадвал шүү дээ. Делси Родригес АНУ-ын шаардлага болон Мадурогийн дэмжигчдийн ашиг сонирхлын дунд “алтан дундаж”-ыг олох хэрэгтэй болж магадгүй. Чадахгүй бол байдал хэрхэн эргэх нь тодорхойгүй байна.