
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхийн Усны өдөр тохиодог. Монголд бол энэ өдрийн ач холбогдлыг хуваалцах баяр олон. Казах түмний Наурызын баяр, монгол хүн сансарт ниссэн өдөр гэхчлэн тэмдэглэх үйл явдал арвин. Тиймдээ ч Усны өдрийг угтаж мэргэжлийн хэдэн байгууллага нь нөлөөллийн ажил өрнүүлж, хэвлэлийнхэн ус тойрсон сэдвийн мэдээ, сурвалжилга бэлтгэх төдийхнөөр өнгөрдөг. Өөр олон арга хэмжээ болдгийг үгүйсгэхгүй ч олон нийтэд хүрэх нь тун дулимаг. Харьцангуй нам жим өнгөрдөг энэхүү тэмдэглэлт өдөр тэгээд ирэх жилийг хүртэл мартагддаг гэвэл хилсдэхгүй болов уу. Харин энэ жилийн тухайд Усны өдөр арай өөрөөр өрнөлөө. Тэнд Мянганы сорилтын сангийн II компакт гэрээний хүрээнд байгуулсан ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтийн тууз хайчилж, энд Туулын хурдны замыг эсэргүүцэж гол усаа хамгаалах жагсаал цуглаан болж, өөр нэг газар Оюу толгойн усны төлбөр тойрсон маргаан яригдаж байх жишээтэй. Ерөөс энэ жилийн Усны өдөр тун онцлууштай болж байх шиг ээ. Нийгэм ч бүхэлдээ усны асуудал руу анхаарах шиг боллоо. Сайн хэрэг.
Ус монголчуудын хувьд хамгийн үнэтэй юм шиг хэрнээ хамгийн үнэ цэнгүй зүйл болж хувирчээ. Уг нь бид ус бол амьдралыг тэтгэгч ундарга гэдэг ард түмэн. Тиймээс ч үхэлтэй нүүр тулаад өвчнөө давсан нэгнийгээ “Ус уух хувьтай юм” гэж ярьдаг. Амьд явахын утгатай дүйж үнэлэгдсэн усаа бид өнөөдөр хэрхэн үнэлж цэгнэж байна вэ? Тун ичмээр хариулт гарах аж. Саяхан Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрээр “Монголд мөнгөөр илэрхийлсэн үнэтэй ганцхан зүйл байгаа нь ус. Нэг литр ус 1 төгрөг 34 мөнгө буюу маш хямд. Зах зээлийн зарчим гэж ярихгүй ээ, ядаж өртгөө нөхдөг байх хэрэгтэй байна. Үнэ тариф хатуу, өртгөө нөхөж чадахгүй яваад байгаагийн горыг бид амсана. Хэзээ гэдгийг мэдэхгүй ч тун удахгүй” гэж хэлсэн байна. Түүний хэлсэн задгай мөнгө бол усыг үнэлж байгаа хэрэг огт биш юм, харин гүний худгаас орон сууцны тань крант хүргэх л зардал гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэд бид амьдралыг тэтгэгч болсон усаа ямар ч үнэгүй хэрэглэсээр л байна. Үнэгүй болохоор хайрлахгүй, үнэгүй болохоор хамгаалахгүй…

Дэлхийн Усны өдрийг угтаж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт ажиллалаа (2026.03.21). Энэ үеэр онцгой нэгэн үүрэг даалгавар өгч байна гээд, “Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байх ёстой” гэсэн зарчмыг ярив. Ингэхдээ ус хамгийн ихээр ашигладаг 10 компани, тэр дундаа “Оюу толгой” компанид ус бохирдуулсны төлбөрт акт тавих ёстой гэж мэдэгдсэн юм. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын албан ёсны мэдээнд “Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая м.куб ус ашигласан хэдий ч 252 сая м.куб буюу 3/1 нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ. Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” компани сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Усны газар 2020-2025 оны хугацаанд тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна. “Оюу толгой” компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг талаар Усны газрын дарга З.Батбаяр хэллээ. НҮБ-ын Усны конвенц, тогтвортой хөгжлийн зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тиймээс зөвхөн “Оюу толгой” компани гэлтгүй ус бохирдуулж буй бүх компаниас хуулийн дагуу төлбөрөө авахыг Усны газарт үүрэг болгов” гэж дурдсан байлаа. Эндээс харахад, орон сууцанд амьдардаг жирийн иргэд нь ч усыг үнэгүй ашиглаж, дэлхийн хэмжээний уурхай Оюу толгой нь ч бас усыг үнэгүйдүүлдэг болж таарлаа. Усны үнэ цэн хаана байна вэ?
Усны өдрийг тохиолдуулан Ерөнхий сайдын “ил гаргасан” энэ сэдэвтэй Усны өдрийг угтаж өмнийн говийг зорьсон “аялал” маань ч бас давхцаж байна. Энэ бол Оюу толгойн уурхайн усан хангамжтай танилцсан тухай юм.

Улаанбаатар хотоос 600 гаруй км-ын алсад буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Монгол Улсын бас нэгэн саалийн үнээ буй. Саяхныг хүртэл Монголын саалийн ганц үнээ байсан “Эрдэнэт” үйлдвэртэй адилхан зэс олборлодог ч улстөрчдийн, нийгмийн анхаарлын төвд ямагт байдгаараа Оюу толгой ялгарна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан 2009 оноос өмнө ч мэтгэлцээний сэдэв байсаар ирсэн Оюу толгойн маргаанд одоо ч цэг хатгагдаагүй байгаа нь үнэн. УИХ-аас нээлттэй сонсгол хийж, Засгийн газар хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ үргэлжлүүлсээр байна. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн, Дубайн гэрээ гэхчлэн асар олон өнцгөөр энэ ордтой холбоотой маргаан мэтгэлцээн өрнөдөг бол энэ удаад ус нэмэгдэж орж ирлээ. Гэхдээ энэ бол сайн хэрэг.
Усаар тун ядмаг говийн бүс нутагт уурхайн олборлолт өрнөж байгаа боловч усны асуудлыг нь парламентын тоотой хэдэн гишүүн, бас мэргэжлийн хэдхэн байгууллага л хааяа ярьсаар ирсэн. Улстөржүүлээд ч болов усны асуудлыг сөхөх нь, бас үнэн бодит байдлаа Оюу толгойнхон тайлбарлах нь өөрөө хэн хэндээ хэрэгтэй. Хамгийн гол нь энэ уурхай тойрсон элдэв эргэлзээнд эхнээс нь цэг хатгаад явах нь цаашдаа Монгол Улсад, хөрөнгө оруулагчдад аль алинд нь ашигтай. Тиймээс тойролгүйгээр шууд л харсан үзсэнээ хуваалцъя.
Оюу толгой үнэхээр усны төлбөр төлдөггүй юм уу? Энэ бол зүй ёсоор тавигдах асуулт. Бас маш тодорхой хариулт хэрэгтэй. Ус бол байгалийн нөөц. Ашиглаж л байгаа бол төлбөр төлөх нь зүй ёсны хэрэг. Тэр тусмаа хоногтоо 110-120 мянган тонн хүдэр баяжуулж байгаа уурхай усны хэрэглээ асар өндөртэй байх нь ойлгомжтой. Энэ хэрэгцээгээ хангахын тулд энгийн малчдын худаг, булагаас хуваалцаад байна уу гэдэг ч анхаарал татах сэдэв. Мөн байгаль орчны нэр барьсан “тэмцэгч”-дийн байсхийгээд сөхдөг говийн усыг шавхаад дуусаж байна уу гэдэг ч тавих л ёстой, хариулах ч үүрэгтэй асуулт. Тиймээс энэ бүх асуултад хариулт хайж үзлээ.
Ханбогд сум, бүр тодруулбал Оюу толгой орчимд ус олборлож болох гүний гурван ч орд байдаг ажээ. Галбийн говь, Нарийн зааг, Гүний хоолой гэсэн эдгээр ордоос Оюу толгойнхон гурав дахийг нь сонгож олборлодог юм байна. Энэхүү ордын нөөцийг Усны нөөцийн зөвлөл 2015 онд тогтоохдоо 918 литр/секунд буюу хоногт 79315 шоо метр ус ашиглах зөвшөөрөл олгожээ. Харин Оюу толгойнхон уурхайгаас 35-80 км-ын зайд орших Гүний хоолойн усыг үр ашигтай, алдагдалгүй ашиглах зорилт тавин ажилладаг гэдгээ хэлж байсан. Сүүлийн таван жилийн дунджаас үзэхэд уурхайн усны бодит хэрэглээ ус ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээний 56.5 хувьтай тэнцэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 518.5 литр/секунд усны хэрэглээтэй гэж “Оюу толгой” компанийн Хүрээлэн буй орчин хариуцсан ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар хэлж байсан.
Ийн нөөцийг тултал ашиглахгүй байгаа нь Гүний хоолойн орд нөхөн сэргээгдэх, нөгөө талдаа усны төлбөртэй ч холбоотой биз. Энгийн логикоор бодсон ч илүү ус хэрэглэвэл илүү л төлбөр төлнө. Илүү ч зардал гарна. Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэнчлэн “Оюу толгой” компани 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ус бохирдуулсны төлбөр төлдөггүй ч, ус ашигласны төлбөрөө бол тогтмол төлдөг юм байна. Харин Ерөнхий сайдын Усны газрын удирдлагуудыг тойруулж суулгаад ярьсан дээр өөр нэгэн өнцгийг бодох ёстой юм билээ. Ер нь Монгол төрийн залгамж халаа гэдэг юм бүх зүйл дээр хувиран өөрчлөгдөж байх юм. Хэн дарга болохоос үл хамаарч төрийн бодлого тогтвортой, тууштай байх нь наандаж иргэддээ, цаашилбал гаднын хөрөнгө оруулагчдад хэрэгтэй. Гэвч нэг дарга солигдоход дагаад төрийн бүхий л бодлого шийдвэр өөрчлөгддөг нь эргээд хөрөнгө оруулагчид Монголоос дайжих, дотоодын аж ахуйн нэгжүүд тодорхойгүй байдалд гацах нөхцөл болдог. Оюу толгойн ус бохирдуулсны төлбөр дээр л гэхэд 2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтад хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжид үндэслэн төлбөр тооцох журам тусгагдсан байдаг аж. Энэхүү журмын хүрээнд стандартад нийцүүлэн зайлуулж байгаа тохиолдолд ус бохирдуулсны төлбөр, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд нөхөн төлбөр төлнө хэмээн заасан байдаг. Гэтэл Оюу толгой уурхайн хувьд “Zero discharge” буюу “байгальд ус хаяхгүй” гэсэн зарчим баримтлан ажилладаг аж. Өөрөөр хэлбэл, усыг бохирдуулан байгальд хаядаггүй, зориулалтын далангийн байгууламжид хуримтлуулан дахин ашигладаг. 2026 оны эхний байдлаар үйлдвэрлэлийн усыг дунджаар 87 хувь дахин ашиглаж нь хоёр сайдын хамтарсан тушаалын дагуу Ус бохирдуулсны төлбөр төлөх заалтад багтахгүй гэсэн үг. Дээр нь “Оюу толгой” компани 2009 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний татвар тогтворжуулах заалтыг үндэслэн ус бохирдуулсны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй гэсэн байр сууриа илэрхийлсээр ирсэн ч сайн дурын үндсэн дээр хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хүргүүлээд байгаа юм байна.
“Zero discharge” буюу “байгальд ус хаяхгүй” гэсэн зарчмын тухай дор өгүүлэх учраас түр орхиод Ус ашигласны төлбөрийн талаар сонирхлоо. Уурхайг олборлож эхэлснээс хойших өнөөг хүртэл хугацаанд аймаг, орон нутгийн төсөвт ус ашигласны төлбөрт “Оюу толгой” компани нийтдээ 218 тэрбум төгрөг төлөөд байгаа аж. Зөвхөн 2025 онд л гэхэд ус ашигласны төлбөрт 27.6 тэрбум төгрөг төлжээ. Гүний хоолойгоос ус татаж буй 28 худагт байршуулсан Стандартчилал, хэмжил зүйн газрын баталгаажуулсан тоолуурын дагуу байгаль орчны байцаагчийн бичиж өгсөн нэхэмжлэхээр тухай бүрт төлөлт хийдэг гэдгийг С.Отгонбаатар ярьсан.
Гэхдээ мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэдэг үг говийн бүсэд зохихгүй юм шиг санагддаг. Уур амьсгалын өөрчлөлт улам бүр дэлхийг “зовоож” буй энэ үед бид байгаа нөөцөө шавхаад дуусах вий гэсэн болгоомжлол хаа хаанаа тээж явах нь зүйтэй. Тэгвэл Оюу толгойнхон ч энэ чиглэлд санаа чилээж явдаг ажээ. Усны менежмент гэдэг ойлголтыг ёс зүйтэй уяж өгч, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтад гар татдаггүй юм шиг санагдсан. Бүтэн өдрийн турш устай холбоотой байгууламж, усны хэмнэлттэй технологийн шийдлүүдээ бидэнд танилцуулсан. Бохирдуулсан усаа дахин ашиглах энэхүү технологийн шийдэл нь жил тутам улам чамбайрч өдгөө уурхайд ашигласан усны 86.7 хувийг дахин ашиглаж байгаа юм байна. Энэ бол “Zero discharge” буюу “байгальд ус хаяхгүй” байх шийдэл нь. Усны дахин ашиглалтын түвшин ийнхүү 86.7 хувьд хүрч хаягдал усыг дахин ашигласнаар Гүний хоолойн ордын батлагдсан 918 литр/секундийн нөөцөөс ямагт доогуур ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн гэв.

Энэ талаар С.Отгонбаатар “Манай компанийн хувьд усны менежмент бол зүгээр нэг техникийн асуудал биш харин бодлогын түвшинд хэрэгждэг, өдөр тутмын үйл ажиллагаанд бүрэн шингэсэн чиглэл юм. Бид говийн бүсэд ажиллаж байгаа учраас усыг аль болох ариг гамтай, хариуцлагатай ашиглах, дахин хэрэглэх зарчмыг баримталж ирсэн. Нэг ч шоо метр усыг зүгээр хаяхгүй гэсэн зорилготой ажилладаг. Мөн усны төлбөр тооцоог цаг тухайд нь төлөх, үйл ажиллагаагаа нээлттэй байлгах, усны нөөцийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлдэг” гэж ярьсан юм.
Энд нэг зүйлийг зориуд тодотгоход, Гүний хоолойн усыг унд ахуйд шууд хэрэглэх боломжгүй. Уст давхрага нь газрын гадаргаас 150-400 метрийн гүнд байрлах учраас малчдын худаг, булаг шандын эх үүсвэрээс тусгаарлагдсан тогтоцтой. Тэгэхээр малчдын усан хангамжид шууд нөлөөлөх ямар ч үндэслэлгүй бөгөөд асар өндөр эрдэсжилттэй учраас хүн, мал ундаалах боломжгүй. Ийм учраас өдөр ирэх тутам хүрээгээ тэлж буй Ханбогд сумын усан хангамжийг шийдвэрлэх зорилгоор “Оюу толгой” компани 6.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 13 000 хүнийг цэвэр усаар хангах цогцолбор барьж өгсөн гэнэ. Мөн говийн усан хангамжийг сайжруулах, малчдын булаг, худгийг хамгаалах, усаа ариглан гамнах чиглэлд нөлөөллийн олон ажил хийж өгч буйгаа Оюу толгойнхон танилцуулж байв.
Газар дээр нь очиход тэд иймэрхүү тайлбар өгч байгаа бол Монгол Улсын Засгийн газар, мэргэжлийн байгууллагууд ч адилхан зүйлс өмнө нь ярьж байжээ. Усны газрын дарга З.Батбаяр УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд оролцохдоо, Гүний хоолойн 918 литр/секундийн нөөцийг тултал ашиглах боломж “Оюу толгой” компанид байхгүй гэдгийг хэлсэн байдаг аж. Судлаад үзэхэд, уурхайн амнаас даруй 35-80 км-т байрлах 28 худгаасаа уурхай хүртэл 65 км дэд дамжуулах, 88 км гол дамжуулах хоолойгоор усыг татдаг юм байна. Харин энэхүү хоолойн хүчин чадал нь өөрөө ойролцоогоор 700 литр/секунд ус татах боломжтой гэдгийг З.Батбаяр дарга хэлсэн байна лээ. Харин далд уурхай ашиглалтад орсноор усны хэрэглээ огцом нэмэгдэх вий гэсэн болгоомжлолд “Оюу толгой” компанийн Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн О.Баасандорж “Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал нь өөрөө 110-120 мянган тонн учраас усны хэрэглээ ч өнөөгийн түвшиндээ байна” гэж хариулж байлаа.
Эцэст нь хэлэхэд, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, хожим Дубайд байгуулсан Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг сайн, муу аль нь болохыг бичигч би барим тавим одоо нотолж чадахгүй. Энэ гэрээг гардан хийсэн хүмүүс нь, жадлан эсэргүүцдэг хэсэг нь ч УИХ-ын нээлттэй сонсголын үеэр тайлбар өгч, олон нийт багагүй мэдээлэлтэй болж чадсан байх. Өөрөөр хэлбэл, дор бүрнээ л нийгэм энэ гэрээний сайн, мууг дэнсэлж буй биз ээ. Харин ямар ч муу юманд сайн тал байдаг гэдгийг устай холбоотой өнцгөөс нэг хараад үзээрэй. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд усны аудитын тайланг хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар таван жил тутам хийлгэх заалт байдаг юм байна. Мөн далд уурхайн төсөлд санхүүжилт олгосон гаднын 15 банк, санхүүгийн байгууллага зээл олгохдоо хоёр жил тутам Оюу толгой төслийн усны менежментэд хяналтын аудит хийлгэх нөхцөл тавьсан байдаг аж. Дэлхий хэмжээний томоохон банк, санхүүгийн байгууллагууд байгаль орчинд ээлтэй төсөлд л санхүүжилт олгодог, тэгж байж нэр хүндээ хадгалж, өсгөдөг учраас хяналтаа ч сайн тавьдаг биз. Энэ бүхнийг нь харин Монгол Улсын Засгийн газар давхар хянаж, Оюу толгойтой ойлголтын зөрүүтэй байгаа ус бохирдуулсны төлбөр дээрээ шийдэлд хүрэх нь зөв байх. Ерөнхий сайд Г.Занданшатарын эш татсан “Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч” гэсэн олон улсын зарчим бүгдэд үйлчлэх ёстой нь үнэн юмдаг.
Ямар боловч Усны өдрийг угтсан үйл явдлуудаас монголчууд зарим зүйлийг ойлгож авлаа. “Оюу толгой” компани ус ашигласны төлбөртөө хэдийг төлдийг, Улаанбаатарынхан бид орон сууцандаа усаа үнэгүй хэрэглэдгийг, Мянганы сорилтын сангийн II компакт гэрээний хүрээнд байгуулагдсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр жилдээ 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх боломжтойг, нийслэлээс хэрэгжүүлэх хурдны замын трасс Туул голын экосистемийг ноцтой алдагдуулж мэдэх аюултайг… Усыг улстөржүүлээд ч болов нийгмийн анхаарлын төвд авчрах нь өөрөө эргээд нийтээрээ усаа хайрлахад дөхөм болж байгаа нь л сайн хэрэг юм даа.