Хүний амьдралын мөн чанар, сэтгэлзүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Достоевскийн бүтээл Монголын тайзнаа дахин тоглогдох гэж байна.
Түүний хамгийн алдартай роман болох "Гэм зэм"-ийг "Орфей" театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулсан юм.
Жүжигт хүний үйлдэл, түүнээс гарах үр дагавар, эгэл жирийн харилцаанаас эхлээд хууль цаазын шүүлтийн өмнө бие хүн хэрхэн хувьсаж, тэмцэж буйг үзүүлнэ. "Гэм зэм" жүжгийн ерөнхий нэвтрэх шугам нь "Харанхуйд төөрсөн хүн гэрэл гэгээг олж харлаа" гэх нэгэн өгүүлбэрт зангилагдана. Хүний амьдралыг ойлгох цор ганц арга зам нь хайр, хайрыг мэдэрсэн хүний сэтгэлд л нигүүслийн гэгээ тусах боломжтой.
Уг жүжгийг "Фауст", "1984", "Опал", "Амьдрахуй" жүжгүүдийг найруулсан найруулагч М.Батболд найруулж, ерөнхий продюсераар “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг, зохиолчоор УДЭТ-ын Ерөнхий зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраа, туслах зохиолчоор Э.Бүжинлхам, уран сайхны удирдаачаар Х.Отгонтуяа, хөгжмийн зохиолчоор Eventide болон B.L.M.D хамтлаг, хөгжмийн найруулагчаар Д.Нямхүү, хөдөлгөөний найруулагч У.Эрдэнэбаяр, ерөнхий зураачаар Л.Батбилэг, У.Мөнхбат, хувцасны зураачаар О.Булган, Л.Хасзул зэрэг олон бүтээлчид ажиллажээ.

Харин дүрүүдийн хувьд өөрчлөлт орсон агаад Лужины дүрд жүжигчин Г.Мөнхжаргал, Зосимовын дүрд залуу жүжигчин Х.Сумъяадорж нар тоглохоор болжээ.
“Гэм зэм” жүжгийг "Тусгаар тогтнолын ордон"-ны тайзнаа энэ сарын 20-оос 30-ныг өдрийг дуустал тоглох юм.

