
OpenAI-ийн төв байранд чагнах төхөөрөмж байрлуулсан хэрэгт буруутгагдаж буй Саудын Арабын иргэн баривчлагдахаасаа өмнө Саудын Араб руу нэг талын нислэг захиалсан байсан талаар АНУ-ын прокурорууд мэдэгджээ.
OpenAI-ийн инженерээр өмнө нь ажиллаж байсан Абдулрахман Альфозан эхнэр болон гэр бүлийн өөр нэг гишүүний хамт аравдугаар сарын 12-нд Саудын Араб руу нисэхээр төлөвлөсөн баримтыг прокурорууд лхагва гарагт нийтэд ил болсон шүүхийн баримт бичигт дурдсан байна.
OpenAI-ийн ажилтнууд тус компанийн Сан-Франциско дахь төв байрны хурлын өрөөнөөс нууцаар байрлуулсан чагнах төхөөрөмж олсон тухай мэдээлсний дараа Холбооны мөрдөх товчоо (FBI) Альфозаныг аравдугаар сарын 9-нд баривчилжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ажлаас халагдах хүртлээ OpenAI-д ойролцоогоор 15 сар ажилласан байна.
35 настай Альфозанд “тагнах зорилгоор электрон, механик болон бусад төхөөрөмж ашигласан буюу ашиглахыг оролдсон” гэх хэрэг тулгажээ.
Энэ гэмт хэрэгт дээд тал нь таван жилийн хорих ял, 250 мянган ам.долларын торгууль ногдуулах заалттай.
Прокурорууд Альфозаныг АНУ-аас оргон зайлах “боломжтой төдийгүй үүнийгээ хийх сэдэл төрөх магадлалтай” гэж үзэн, түүнд холбогдох эрүүгийн гомдлыг нууцлах хүсэлт гаргахдаа аравдугаар сарын 8-нд нислэг захиалсан гэх мэдээллийг шүүгчид танилцуулжээ.
Альфозаны өмгөөлөгч Уильям Перник эрүүгийн хэрэгт холбогдуулсан буруутгал болон үйлчлүүлэгчийг нь үргэлжлүүлэн цагдан хорьж буй асуудлыг шүүхээр эсэргүүцэн маргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Альфозаныг баривчилсан хэрэг нь хиймэл оюуны салбарт дэлхий даяар тэргүүлэх байр суурь эзлэх өрсөлдөөн өрнөж буй энэ үед технологийн тэргүүлэх компаниуд тагнуул, аж үйлдвэрийн нууц мэдээлэл хулгайлах ажиллагааны бай болж болзошгүй гэсэн болгоомжлолыг дахин анхаарлын төвд оруулжээ.