
CNN-ийн хийсэн шинэ дүн шинжилгээгээр АНУ-ын Хууль зүйн яам Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой файлуудад зохих ёсоор халхлаагүй олон арван зургийг нийтэлсэн нь тогтоогджээ.
Жеффри Эпштейн нь нас барсан, олон зуун охидыг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн хэрэгт буруутгагдаж байсан этгээд юм.
CNN Израилийн Visual Layer компанитай хамтран нийт 100 000 зургийг шалгасан байна. Үүнд насанд хүрээгүй охин Эпштейний хацрыг үнсэж буй зураг, паспорт, жолооны үнэмлэх дээрх хувийн мэдээлэл, мөн олон тооны нүцгэн өсвөр насныхны зураг багтжээ.

CNN энэ талаар асуусны дараа Хууль зүйн яам зарим зургийг засварлаж, хувийн мэдээлэл болон насанд хүрээгүй хүмүүсийн царайг халхалсан байна.
Өнгөрсөн жил батлагдсан Ил тод байдлын хуульд хүүхдийн бэлгийн хүчирхийллийг харуулсан зураг болон хувийн нууцад халдах материалуудыг нийтлэхгүй байхыг заасан ч бодит хэрэгжилтэд алдаа гарсан нь ийнхүү ил боллоо. Хохирогчдыг хамгаалах чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн хэлснээр ийм зураг нийтлэх нь дахин сэтгэлзүйн шарх үүсгэх эрсдэлтэй бөгөөд “хохирогчийн хяналт, сонголтыг дахин үгүйсгэж буй ноцтой зөрчил” гэжээ.
Хууль зүйн яам богино хугацаанд их хэмжээний баримт нийтлэх шаардлагатай болсон нь алдаа гарахад нөлөөлсөн байж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна. Гэсэн ч Конгресс дахь хоёр намын гишүүд засварын алдаа, хохирогчдын мэдээллийг хангалттай хамгаалаагүйд шүүмжлэлтэй хандаж байна.