Францын шүүх Ерөнхийлөгч асан Николя Саркозид таван жилийн хорих ял оноосон билээ. Шүүгчид Саркозийг 2005 онд буюу Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө сонгуулийн кампанит ажилдаа Ливийн удирдагч байсан Муаммар Каддафигаас авсан хууль бус их хэмжээний мөнгийг ашигласан хэрэгт гэм буруутай гэж үзсэн юм.
Хэдийгээр Саркози өөрт нь оноосон ялыг хүлээж авахаас татгалзаж давж заалдах шатны шүүхэд хандсан боловч түүний ял эдэлж эхлэх өдрийн товыг прокурорууд танилцууллаа. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин авч үзэх хүртэл багадаа зургаан сарын хугацаа зарцуулах юм.
Өчигдөр Парис хотод прокурорууд Ерөнхийлөгч асныг дуудаж ирэх долоо хоногт хорих газарт ял эдлүүлж эхлүүлэхээр болсон мэдээг танилцуулсан байна. Тодруулбал ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу энэ сарын 21-ний өдөр Саркозийг Парисын Ла Санте хорих газарт аваачихаар болжээ.
Саркози нь 2007-2012 оны хооронд Франц улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан барууны үзэл баримтлалтай улс төрч юм. Энэ жил 70 настай тэрбээр дайны дараах Францын төдийгүй Европын Холбооны орнуудын шоронд хоригдож ял эдлэх анхны төрийн тэргүүн болж байна. Үүнээс өмнө Саркози цахим гав зүүж эрх чөлөөгөө хязгаарлуулсан анхны Ерөнхийлөгч болсон юм.
Авлигын хэргээр түүнд өмнө нь жилийн ял оноож, шийтгэлээ цахилгаан төхөөрөмж зүүж эдлэхийг зөвшөөрсөн байсан. Гурван сарын турш шагайд нь цахим гав зүүсний дараа тодорхой нөхцөл болзолтойгоор чөлөөлж байжээ.
Саркози өөрт нь таван жилийн хорих ял оноосон шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа ч шоронд хорихыг хүсэж байгаа бол толгой гудайлгүй тэр газарт орох болно гэдгээ хэлж байсан.
Саркози өнгөрсөн долоо хоногт Парис хотод ойр дотны хүрээллийн найз нөхөд, хамтрагчид гээд 100 орчим хүнийг урьж үдэлтийн үдэшлэг зохион байгуулжээ. Тэрээр уригдсан зочдынхоо өмнө өөрийгөө гэм буруугүй гэдгийг дахин сануулж хэлсэн байна.
Саркозийн ял эдлэх гэж байгаа Ла Санте нь 158 жилийн түүхтэй эртний хорих газруудын нэг юм. Энд терроризмын гэмт хэрэгтэн Карлос Жакал, дайны гэмт хэрэгтэн Маурис Папон зэрэг онц хүнд ял сонссон хүмүүс хоригдож байжээ.
Саркози тус хорих газрын VIP жигүүрт нь бусад хоригдлуудаас тусдаа ганцаараа нэг өрөөнд ял эдлэх юм . Түүнд өдөр бүр нэг цаг дасгал хийх, долоо хоногт гурван удаа эргэлт авах зөвшөөрөл олгожээ.