
Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч өнцгөөс задалж, орчин үеийн театрын хэлээр илэрхийлэх “Үнэний хаан Будда” жүжгийн төслийг УДЭТ эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Орчин үеийн нийгэмд тулгамдаж буй ёс зүйн дутагдал, сэтгэл зүйн дарамт, төрийн түшээдэд үгүйлэгдэж буй дээд суртахууны тухай “Үнэний хаан Будда” жүжигт хөндөн тавих аж.
Жүжиг Бурхан багшийг хорвоо ертөнцийн зүй тогтол, утга учир, мөн чанарыг таньсан бодит хүн хэмээх өнцгөөс нээн харуулах ба Буддагийн дүрийг бүтээх жүжигчнийг тодруулах ажил нээлттэй эхэлж байна. Бурхан багш хүний амьдралын зорилгыг мөнх бусын орчлонд хүсэл шуналаа ялан дийлж, сэтгэлээ ариусгах хэмээн номлодог бол Эртний Грекийн сэтгэгч Аристотель театрын урлагийн зорилгыг “Хүний сэтгэлийг ариусгах үйл хэрэг” хэмээн тодорхойлсон юм.
Хүн төрөлхтний ирээдүй, оюун санааг ариусгах тангарагтай Буддизмын гүн ухааны охь шимийг энэ жүжигт нийлмэл урлагийн олон талт хэлбэрээр тусган харуулахаар уран бүтээлчид ажиллаж байна.“Үнэний хаан Будда” жүжгийн төслийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар санаачлан, 2015 оноос эхлэн судалгааны ажлыг хийжээ.