
Хонконгийн хэвлэл мэдээллийн салбарын магнат асан Жимми Лай 20 жилийн хорих ял сонссоноор олон жил үргэлжилсэн шүүх хурал эцэслэлээ. Нэгэн цагт Бээжингийн эрх чөлөөтэй байсан санхүүгийн төвд явуулж буй эрс шинэчлэлийн шинжтэй хяналт, шахалтыг илтгэсэн шүүх хурал ийн дууслаа.
78 настай, өөрийн хүч хөдөлмөрөөр тэрбумтан болсон Жимми Лай нь 2020 онд Бээжингээс Хонконгт үндэсний аюулгүй байдлын өргөн хүрээтэй хуулийг хэрэгжүүлснээс хойш яллагдагчаар татагдсан, хятадын эрх баригчдын хамгийн өндөр түвшний шүүмжлэгчдийн нэг байв.
Ийм урт хугацааны ял сонссон Лай 90 гарсан хойноо л тэнсэн суллагдах боломжтой болох юм. Энэ нь түүнийг суллахыг шаардсан олон улсын уриалгыг улам хүчтэй болгох төлөвтэй байна. Барууны орнуудын удирдагчид, тэр дундаа өмнө нь “түүнийг суллана” хэмээн амлаж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уг хэргийг анхааралтай ажиглаж ирсэн.
Трамп ойрын саруудад БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар Хятад руу айлчлах төлөвтэй байгаа бөгөөд Лайг дэмжигчид түүнийг уг уулзалтын үеэр шоронд хоригдсон хэвлэл мэдээллийн магнатын асуудлыг хөндөж, суллахыг шаардана гэж дүгнэж буй.
Лайгийн хүү Себастьен ял оноосны дараа даруй мэдэгдэл хийж, уг ялыг “хатуу ширүүн” бөгөөд эцгийнх нь амь насанд заналхийлсэн шийтгэл хэмээн буруушаав. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу оноосон хамгийн урт ял болж байгаа юм.
“Энэ бол зүрх шимшрэм, хэрцгий ял” гэж Жимми Лайн охин Клэр Лай хэлэв. “Би аавынхаа биеийн байдал эрс муудаж, хоригдож буй нөхцөл байдал нь улам дордож байгааг харсаар ирлээ. Хэрэв энэ ял хэрэгжвэл тэр шорондоо амиа алдана” хэмээн нэмжээ.
Хонконгийн эрх чөлөө хумигдаж буй талаар ил тод шүүмжилж, АНУ-ын өндөр албан тушаалтнуудтай уулзаж байсан нь, мөн ардчиллыг дэмжигч, одоо татан буугдсан Apple Daily сониныг үүсгэн байгуулсан нь Бээжингийн хувьд түүнийг удаан хугацаанд “шүдний өвчин” болгож ирсэн.
Бээжин болон Хонконгийн засаг захиргаа Лайг ялласан явдал нь улс төрийн зорилготой, эсвэл хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг гэсэн олон улсын шүүмжлэлийг удаа дараа үгүйсгэж, түүнийг шоронд зохих эмнэлгийн тусламж авч байгаа гэж мэдэгдсээр өнөөг хүрсэн.
Лай нь олон жил үргэлжилсэн шүүхийн маргааны дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард үндэсний аюулгүй байдлын хоёр зүйл анги, мөн төрийн эсрэг үзэл суртал тараасан гэмт хэрэгт буруутай гэж тогтоогдсон юм.
Ялын тогтоолыг нь сонсгох үеэр цагаан хүрэмтэй, нэлээд турсан харагдаж байсан Лай ялаа сонсоод үл ялиг инээмсэглэсэн байна. Шүүх хурал эхлэхийн өмнө тэр танхимд сууж байсан хүмүүст алга хавсран мэндчилж, мөн ял сонсохоор хүлээж байсан Apple Daily-ийн хамт олон болох 6 хүн рүү эргэн харжээ.
Тэдгээр хамт ажиллагсад мөн шоронд хоригдож, 6 жил 9 сараас 10 жил хүртэлх хорих ял авсан байна. Apple Daily болон түүнтэй холбоотой компаниудад нийт 6 сая Хонконг долларын (767 мянган ам.доллар) торгууль ногдуулжээ.
Бээжингийн үндэсний аюулгүй байдлын хууль Хонконгийг эрс өөрчилж, олон арван эсэргүүцэгчийг шоронд хорьж, иргэний нийгмийн байгууллага, дуу хоолойгоо илэрхийлдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг татан буулгаж, хотын идэвхтэй улс төрийн орчныг саармагжуулсан юм.
Хот болон улсын эрх баригчид эдгээр хязгаарлалт нь 2019 оны хүчирхийлэл дагуулсан өргөн хүрээний эсэргүүцлийн дараа “тогтвортой байдлыг сэргээсэн” гэж үздэг.
Лайг дэмжигчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн Баруун Коулун дахь шүүхийн гадна хэдэн өдөр дараалан дугаарлажээ.
“Тэр бол Хонконгийн туг” гэж 75 настай Чан Чүн CNN-д ярьжээ. “Би түүний хийсэн бүх зүйлтэй санал нийлдэггүй ч эрх чөлөө, ардчилал, шударга ёс зэрэг түүний эрмэлзлийг дэмждэг” гэдгээ Чан Чүн онцолсон байна.
Өөр нэг дэмжигч “Лай болон түүний хамт олон Нобелийн энхтайвны шагнал хүртэх ёстой” гэжээ.
Цагдаа нар шүүхийн орчимд хамгаалалтыг чангатгаж, бүслэх шугам тогтоон, дугаарласан хүмүүсийг шалгаж байв. Шүүгчид мөн шүүхийн ажиллагаанд саад учруулбал танхимаас хөөж гаргана гэж анхааруулжээ.
Шүүгчид юу гэв?
Арванхоёрдугаар сард Лайг буруутай гэж тогтоосон. Хонконгийн засгийн газраас тусгайлан томилогдсон гурван шүүгч түүнийг БНХАУ-д “гүн гүнзгий дургүйцэл, үзэн ядалт” тээж явсан нь эргэлзээгүй хэмээн дүгнэж, “хуйвалдааны гол зохион байгуулагч” хэмээн тодорхойлжээ.
Тэд Трампын анхны бүрэн эрхийн үед үндэсний аюулгүй байдлын хууль хэрэгжихээс өмнө АНУ-ын улс төрчидтэй идэвхтэй уулзаж, Цагаан ордны өндөр албан тушаалтнуудтай холбогдсон, Трамптай уулзахыг оролдсон зэргийг төрийн эсрэг үйл ажиллагаа, гадаад хүчтэй хуйвалдааныг эхлүүлэхийг санаархсан нь өөрөө баримт гэж шүүгчид үзсэн байна.
Мөн Лай Apple Daily-г ашиглан Хятад болон Хонконгийн эсрэг олон улсын хориг арга хэмжээнд багтахыг уриалсан гэж шүүгчид дүгнэжээ. АНУ дангаараа л гэхэд Хонконг, Хятадын 10 гаруй албан тушаалтанд хориг тавьсан юм.
Өнөөдөр өглөө гаргасан ял оноосон товч тайлбарт шүүгчид түүний үйлдлийг “сайн төлөвлөгдсөн хуйвалдаан” бөгөөд нийтлэлүүдийнх нь тоо, хугацааг харгалзан үзээд “төрийн эсрэг үзэл суртлын хамгийн ноцтой ангилал”-д хамаарна гэж үзсэн байна. Прокуроруудын мэдээлснээр Apple Daily нийт 161 ширхэг төрийн эсрэг агуулгатай нийтлэл нийтэлсэн аж.
Лай ял, шийдвэрийг давж заалдах боломжтой ч энэ үйл явц олон жил үргэлжлэх төдийгүй амжилт олох магадлал маш бага. Үндэсний аюулгүй байдлын хуулиар яллагдсан 100 хүний зөвхөн нэг нь л бүрэн цагаатгагдсан байдаг.

Олон улсын эсэргүүцэл
Лайд оноосон ялд олон улсын түвшинд хурц, ширүүн хариу үйлдэл илэрхийлцгээлээ.
Тайванийн засгийн газар уг ялыг “иргэдийн эрх баригчдыг хянах суурь эрхийг үгүйсгэсэн хэрэг” хэмээн мэдэгдэв. Хятадын Коммунист нам Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг ч хэзээ ч удирдаж байгаагүй бөгөөд шаардлагатай бол хүчээр нэгтгэнэ хэмээн мэдэгдсээр ирсэн.
Хүний эрхийн Amnesty International байгууллага үүнийг “үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эсрэг халдлага” гэж буруушаав. Харин Лайгийн хүү Себастьен “Хонконгийн хууль зүйн тогтолцоо бүрэн нурж, шударга ёс үгүй болсны илрэл” хэмээн мэдэгдлээ.
Олон улсын харилцааны шинжээчид Лайгийн эрх чөлөөний төлөөх тэмцэл одоо дипломат түвшинд шилжиж болзошгүй гэж үзэж байна.
Их Британийн паспорттой, католик шашинтан Лайг суллуулахын төлөө Британи, АНУ-д нөлөө бүхий хүмүүс идэвхтэй ажиллаж байна. Трамп Лайг суллана гэж удаа дараа амласан. Наймдугаар сард тэрээр Ши Жиньпинд “хүсэлт тавьж”, Лайг суллах талаар бодож үзэхийг гуйсан гэдгээ мэдэгдсэн билээ.
Лайгийн шоронд хоригдсон байдал нь худалдаа, технологи, Тайванийн асуудлаар аль хэдийн зөрчилдөж буй дэлхийн хоёр том эдийн засгийн хоорондын бас нэгэн хурц маргаан болж болзошгүй юм.
Жонс Хопкинсийн их сургуулийн Олон улсын судалгааны дээд сургуулийн улс төрийн эдийн засгийн профессор Хун Хо-фун “Лай бол Британийн иргэн, Их Хятадын бүс нутгийн ардчиллын бэлгэ тэмдэг. Зөвхөн энэ асуудлыг Бээжинд тавих нь өөрөө улс төрийн ашигтай. Бээжин ч мөн Лайг “хэлэлцээний ашигтай хөзөр” гэж үзэж магадгүй, ялангуяа түүний биеийн байдал муудаж буйг харгалзан үзвэл шүү дээ. Хэрэв Бээжин худалдаа, технологи, бүр Тайванийн асуудлаар Вашингтоныг буулт хийлгэхийн тулд эрүүл мэндийн шалтгаанаар Лайг өршөөлөөр суллавал ашигтай наймаа болно” гэж хэлжээ
Өөрчлөгдсөн Хонконг
Олон талаараа Лайгийн амьдралын түүх нь түүний хамгаалж ирсэн хотын хувь заяатай давхацдаг.
Тэр эх газрын Хятадад төрж, 12 настайдаа Британийн захиргаанд байсан Хонконгт ирсэн бөгөөд коммунист Хятадаас дүрвэсэн сая сая хүний нэг байв. Үйлдвэрийн энгийн ажилчнаас эхэлж, хувцас үйлдвэрлэлийн томоохон бизнес эрхлэгч болж, улмаар хэвлэл мэдээллийн салбарт орж, 1995 онд Хонконгийг Хятадад шилжүүлэхээс хоёр жилийн өмнө Apple Daily-г байгуулжээ.
Нэгэн цагт асар их хэвлэлийн эрх чөлөөтэй байсан Хонконгт түүний сонин ардчиллын хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж байв. Цагдаа нар редакцад нь нэгжлэг хийж, хөрөнгийг нь царцаасны дараа Apple Daily 2021 оны зургадугаар сард сүүлчийн дугаараа хэвлэсэн. Тус сонины олон сэтгүүлч түүнээс хойш Хонконгийг орхин явжээ.
Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын (RSF) мэдээлснээр Хонконгийн хэвлэлийн эрх чөлөөний зэрэглэл 2021 онд 180 орноос 80-д бичигдэж байсан бол өнгөрсөн жил 140-р байр хүртэл огцом унасан байна. Харин 2002 онд энэ хот 18-р байранд бичигдэж байжээ.
Хонконгийн засгийн газрын төлөөлөгч Лайгийн хэрэг нь “хэвлэлийн эрх чөлөөтэй огт хамаагүй” гэж мэдэгдсэн юм.
Жоржтауны их сургуулийн Азийн хуулийн төвийн ахлах судлаач Эрик Лай (Жимми Лайтай хамаатан биш) хэлэхдээ, дэлхийн санхүүгийн төвд ил тод, чөлөөтэй мэдээллийн урсгал зайлшгүй шаардлагатай гэв. “Шүүмжлэлт хэвлэлүүд хаагдаж, ийм бизнес гэмт хэрэгт тооцогдож, гадаадын албан тушаалтнуудтай бодлогын асуудлаар нээлттэй санал солилцохыг хүртэл гэмт хэрэг гэж үзэх болсон нь мэдээлэлд нэвтрэх, санаа бодлоо чөлөөтэй солилцох орчинг ноцтойгоор дордуулж байна” гэж тэр хэлжээ.
“Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний асуудал биш гэж тэд хэлдэг ч үнэндээ засаглалын аюулгүй байдлыг хурц шүүмжлэлээс дээгүүрт тавьж байгаагийн илрэл юм” гэж Эрик Лай дүгнэсэн юм.