
Олон Улсын Олимпын Хорооноос ОХУ-ын олимпын эрхийг хассан шийдвэрээ түр хугацаагаар цуцалснаа зарлаж, дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллага FIFA Оросыг ДАШТ-ээс хассан шийдвэрээ мөн эргэж харахаа мэдэгдлээ.
ОХУ нь сэргээшийн дуулиан болон Украины нутагт халдан түрэмгийлсэн асуудлаас шалтгаалан 2018 оноос хойш Олимпын наадамд төвийг сахисан туг дор оролцохоос өөр аргагүйд хүрээд байсан юм. Мөн 2022, 2026 оны эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцох эрхийг нь хасаад байсан билээ.
Их Британийн засгийн газар ОУОХ-г 2028 оны Лос-Анжелесийн тоглолтод ОХУ-ыг эргэн ирэх замыг засаж, олимпын үнэт зүйлсийг доог тохуу болголоо хэмээн буруутгаж, хатуу зэмлэн буруушаав. Түүнчлэн уг шийдвэр нь бусад спортын байгууллагуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Тамирчдын төлөөллийн Global Athlete байгууллага "Энэ шийдвэр нь олимпын үндсэн зарчмуудаас ухарсан хэрэг. Орос улсыг төрийн дэмжлэгтэй допинг хэрэглэсэн түүхтэй, Украины эсрэг дайн хийж байгааг нь үл харгалзан эргүүлэн авчирснаараа ОУОХ өөрийн стандартыг доошлууллаа" гэж мэдэгдэв.
ОУОХ-ноос мэдэгдэхдээ Оросын тамирчид олон улсын спортын хамтын нийгэмлэгийн итгэлийг сэргээхийн тулд олон удаагийн допингийн хяналтад хамрагдах ёстой гэв. Гэхдээ ОУОХ Орост тэмцээн зохион байгуулахгүй, Оросын засгийн газрын албан тушаалтнуудыг арга хэмжээндээ урихгүй гэдгээ баталжээ.
Одоо ОУОХ-ны энэхүү алхмыг хэрхэн тайлбарлах нь спортын салбар холбоодоос шалтгаална. FIFA болон Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) Оросын клуб болон шигшээ багийг эргүүлэн авахдаа төдийлөн яарахгүй. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо мөн энэ долоо хоногт Орос, Беларус тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрээ хэвээр үлдээсэн юм.
Хориг суларсан нь
2025 оны 3 сар: Дэлхийн кикбоксын холбоо Оросын тамирчдыг үндэсний туг, дуулалтайгаа олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн анхны байгууллага болов.
2025 оны 11 сар: Олон улсын жүдогийн холбоо мөн адил Орос, Беларус тамирчдыг туг, дуулалтайгаа оролцохыг зөвшөөрөв.
2025 оны 12 сар: ОУОХ өсвөр үе болон залуучуудын түвшинд Орос, Беларусын тамирчдын хоригийг цуцлахыг зөвлөв. Үүний дараа гар бөмбөг, шатар, туялзуур сэлэмний холбоод залуучуудын тэмцээнд үндэсний бэлгэдэлтэйгээр оролцохыг зөвшөөрчээ.
2026 оны 1 сар: Кёрлинг болон Тэквондогийн холбоо залуучуудыг эргүүлэн авч, Тэквондогийн холбоо насанд хүрэгчдийг ч мөн эргүүлэн авчирсан байна. Милано-Кортинагийн өвлийн олимпод 20 тамирчин төвийг сахисан статустай оролцсон бол паралимпын хороо 10 тамирчныг өөрийн туг дор оролцохыг зөвшөөрчээ.
2026 оны 4 сар: Дэлхийн усан спортын холбоо Орос, Беларусын усанд сэлэлт, шумбалт, усан поло зэрэг бүх хязгаарлалтыг цуцлав.