
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
НИТХ-ын дарга А.Баярыг огцруулж, Д.Ихбаярыг сонгов
Эрх баригч намын талцал хямрал энэ долоо хоногт НИТХ-ын даргын суудлаар үргэлжиллээ. НИТХ-ын ээлжит VII хуралдааныг даваа гаргийн 10 цагт эхлэхээр товлоод байсан ч АН-ын бүлгийн хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай мэдээлсэн. Тэгвэл хуралдааныг хойшлуулах захирамж гаргахдаа НИТХ-ын дарга А.Баяр алх цохиогүй шийдвэр гаргасан нь "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн заалтыг зөрсөн" хэмээн МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус хуралдаан хийж түүнийг огцруулав.
Тэгвэл нөгөө талд А.Баяр Туулын хурдны зам төслийг дэмжсэн тогтоол гарга гэсэн шахалт дарамтад ороогүйн төлөө хотын дарга Х.Нямбаатар өөрийг нь огцруулж байна хэмээн мэдэгдэж НИТХ-ын даргын тамга тэмдгээ шилжүүлэхгүй хэмээв. Мөн НИТХ-ын даргынхаа эрхийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслийн санхүүжилт, шалгарсан компаниудын мэдээллийг иргэдэд нээлттэй болгох ажлын хэсэг байгуулснаа зарласан юм. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хотын парламентын бүлгээс нэрийг нь оруулж ирсэн Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар сонгох хувилбарыг дэмжжээ. Баасан гаргийн орой хуралдсан ээлжит бус хуралдаанаар төлөөлөгчдийн 94 хувий саналаар Д.Ихбаярын томилгоо баталгаажив.
НЗД-ын орлогч Т.Даваадалайд хэрэг үүсгэв
Нийслэлийн удирдлагад үүссэн талцал маргаантай зэрэгцээд хотын даргын орлогч Т.Даваадалайтай холбоотой асуудал олны анхаарлын төвд байлаа.
Эрүүгийн цагдаагийн албанаас Т.Даваадалайн гэрт нэгжлэг хийн 48 цагийн хугацаатай саатуулаад шүүхийн шийдвэрээр сулласан. Гэвч пүрэв гарагт ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ түүнийг Туулын хурдны замын төслүүдийг сонгон шалгаруулах явцдаа нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тухай мэдээлсэн. Харин Т.Даваадалай цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллийг гүтгэлэг хэмээн мэдэгдэж ажил, албан тушаалаа өгч байгаад шалгуулахад бэлэн гэв. Пүрэв гарагт /2026.04.30/ АТГ-аас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашигласан зүйл ангиар шалгаж эхэллээ.
1072 хувьцаа өвлөгдөнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ.
Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийн хөгжүүлэлт, туршилт тохируулгын ажлыг хийж, бэлэн болгожээ. Оролцогч байгууллагуудын харилцан мэдээлэл солилцож, бүрдүүлэх, иргэдэд хувьцаа, ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, сурталчлан таниулах зэрэг бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ тогтоолыг 2026 оны зургадугаар сарын 01-нээс дагаж мөрдөнө.
Банкны гадаад эх үүсвэрийн 25 хувийг заавал байлгах нөөцөд тооцно
Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаас банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ.
Макро зохистой бодлогын хүрээнд банкны гадаад зах зээлээс 2026 оны аравдугаар сарын 1-нээс хойш шинээр татах 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд тооцох эх үүсвэрт хамруулах боллоо.
Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлж байна. Иймд гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, мөн валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх эх үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад үе шаттайгаар хамруулахаар шийдсэн байна.